Жирэмсэн үеийн Мөөгөнцрийн халдвар

2016-08-15     29963

Мөөгөнцөр бол үтрээний халдварын нэг төрөл бөгөөд жирэмсэн эмэгтэйчүүдэд элбэг тохиолддог. Энэ нь Кандида бүлгийн Кандида Албиканс хэмээх үтрээний орчинд хэт олширсоноор мөөгөнцөрт халдварыг үүсгэдэг. Жирэмсэн үед эстроген дааврын түвшин нэмэгдсэнээр үтрээний хэвийн бичил орчны тэнцвэр алдагддаг.  Жирэмсэн үед эстроген дааврын түвшин ихэссэний улмаас үтрээ илүүдэл хэмжээний гликоген ялгаруулдаг нь мөөгөнцөр өсөж үржих таатай нөхцөл болдог. Хэрэв та удаан хугацаанд эсвэл олон удаа антибиотик хэрэглэж байсан бол мөөгөнцрийн халдварт өртөх эрсдэл илүү өндөр байх болно. Учир нь антибиотик өвчин үүсгэгч бактеруудаас гадна үтрээний хэвийн орчныг хадгалах үүрэгтэй бичил биетнүүдийг устгадаг.

candida

Ямар шинж тэмдэг илрэх вэ?: 

Жирэмсэн үед мөөгөнцрийн халдварын шинж тэмдэг илэрч эмчилгээ хийх хүртэл даамжирч болохоос гадна зарим тохиолдолд өөрөө намжиж далд хэлбэрт ордог. Үтрээний шүүрэл хэвийн үеийнхээс өөрчлөгдөж бага зэрэг үнэртэй, сүү шиг өнгөтэй болж хэмжээ нь ихэсдэг. Ихэнхдээ цагаан өнгөтэй, ээдсэн сүү шиг бөөгнөрсөн, үнэргүй шүүрэл гардаг. Түүнчлэн бэлэг эрхтэн орчмоор тэсвэрлэхийн аргагүй загатнах, хорсох зовуурь илэрдэг.  Харахад гадна бэлэг эрхтэн улайж, хавдсан байдаг. Заримдаа шээх үед өвдөх, бэлгийн харьцаанд орж байх үед эвгүй байх зэрэг шинжүүд илэрч болно.

Ямар хүндрэл гарах вэ? 

Аз болоход мөөгөнцрийн халдвар нь тийм ч аюултай биш бөгөөд ургийн өсөлт хөгжилд нөлөөлдөггүй. Гэхдээ төрөх үед төрөх замд хүндрэл гарч, дотор урагдалтай төрж болзошгүй. Мөн урагт халдаж болох ба энэ нь хүүхдэд тань үтрээний мөөгөнцрөөр үүсгэгдсэн амны мөөгөнцөр үүсэх нөхцлийг бүрдүүлдэг. Энэ тохиолдолд хүүхдийн “ам гэмтэх” буюу аманд цагаан өнгийн бөөгнөрсөн мөөгөнцөр үүсдэг. Мөн хөхөөр хооллох үед эхэд ч мөн амны мөөгөнцөр үүсгэх эрсдэлтэй байдаг.

Хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?

  • Цэвэр даавуун дотуур хувцас өмсөх. Энэ нь бэлэг эрхтэн орчмыг амьсгалах нөхцлийг бүрдүүлдэг.
  • Унтахдаа цэвэр хөвөн даавуун унтлагын хувцас өмсөөрэй.
  • Хөөстэй ваннд орохоос илүү шүршүүрт орохыг эрмэлзээрэй.
  • Бэлэг эрхтэн орчмыг угааж цэвэрлэхдээ үнэргүй, зөөлөн саван хэрэглээрэй.
  • Бэлэг эрхтэн лүү цацлага, дезодорант гэх мэт зүйлсийг шүршиж, цацахгүй байх
  • Эрүүл ахуйн энгийн дадлыг хэрэгжүүлэх ( өөрөөр хэлбэл урдаас нь арагш арчих)
  • Нойтон суултуур дээр суухгүй байх
  • Шүршүүрт орсны дараа эсвэл усанд сэлсний дараа хувцсаа өмсөхөөсөө өмнө заавал хуурайшуулах
  • Өдрийн хоолны хэрэглээндээ чихэрлэг зүйлсийн хэмжээг багасгах. Учир нь мөөгөнцөр нүүрс-усанд дуртай байдаг.
  • Пропиотек агуулсан хоол хүнсийг өдрийн хоолны хэрэгцээнд илүүтэй нэмэх нь чухал юм. Үүнд: тараг , сүү, цагаан идээ г.м.
  • Эстроген дааврын ихсэлт болон үтрээний хэвийн бичил орчны өөрчлөлтөөс мөөгөнцөр үржих таатай орчныг бүрдүүлдэг тул пробиотик байнга ууж хэрэглэх нь үр дүнтэй байдаг. Сүүнийн хүчлийн бактейр буюу Лактобактейр (жишээ нь: Lactobacillus Rhamnosus) бүхий хэвийн бичил биетэнг агуулсан пробиотик хэрэглэх нь ихээхэн үр дүнтэй. Үтрээний хэвийн бичил орчинг бүрдүүлдэг нянгийн ихээхэн хэсгийг дээрх хэвийн бичил биетэн эзэлдэг байна.

​Хэрэв танд дээрхи шинж тэмдгүүд илэрвэл хэрхэн эмчлэх вэ?

Мэдээж юуны түрүүнд жирэмсний хяналтын эмчдээ хандаарай! Ихэнх эмэгтэйчүүд гэртээ дур мэдэн эмчилгээ хийж, эм хэрэглэснээр хүнд хэлбэрт оруулдаг тул заавал эмчид хандан шинжилгээ өгч эмчилгээ бичүүлэн авч оновчтой эмчилгээг зөв хийх хэрэгтэй шүү!

Жирэмсэн үед ууж хэрэглэдэг мөөгөнцрийн эсрэг эмийг хэрэглэдэггүй. Энэ нь урагт аюултай юм. Иймээс хэсэг газарт хэрэглэх үтрээний лаа болоод тосыг эмчилгээнд ашигладаг. Эдгээр лаа нь мөөгөнцрийн эсрэг эм болоод пробиотикийг агуулсан байдаг. Мөн Пробиотикыг  ууж хэрэглэх нь эмчилгээний үр дүнг сайжруулдаг байна.

Пробиотик гэдэг нь хоол боловсруулах замд байрладаг амьд бичил биетэн бөгөөд хоол боловсрох үйл ажиллагаа болон дархлаанд чухал үүрэг гүйцэтгэдэг. Тэдгээр нь гадаад орчны нөлөөнд маш мэдрэг бөгөөд амьдрах чадвар сул байдаг.Ашигтай нөлөөг дээд хэмжээгээр үзүүлэхийн тулд пробиотик нь амьдаараа гэдсэнд хүрч таатай нөхцөлд байршиж үржих чадвартай байх ёстой.





» буцах
Шинэ
Их уншсан
© Зохиогчийн эрхийг хуулийн дагуу Ээж - Хайрын аппликейшн эзэмшинэ. 2015 он