Ээжүүдийн хүрээлэн

Төрөх үеийн өвдөлтийг бууруулах байрлал

2016-08-25     30192

Төрөлтийн өвдөлт нь бие махбодиос их хүчин чармайлт шаарддаг ба эхийн байрлал, булчин мэдрэлийн байдалд нөлөөлдөг. Мөн өвдөлтөнд айдас ихээр нөлөө үзүүлдэг учир та айх хэрэггүй. Хэрэв та хүсвэл төрөлтийг бүрэн өвчин намдаалттай явуулах боломжтой. Төрөлтийн туршид илүү үр дүнтэй  өөр өөр байрлал сонгохыг та урьдчилан эрүүл мэндийн тусламж үзүүлэгч эмч, эх баригчтай чөлөөтэй асууж ярилцаарай. Та төрөлтийн 1-р үе буюу умайн базлалт эрчимжиж, хүүхэд төрөх хүртэл доорх байрлалаар байрлаж болно.

Дөрвөн хөллөх байрлал

Энэхүү байрлал нь нуруугаар их өвдөлттэй эсвэл ургийн нуруу арын байрлалтай үед үр дүнтэй. Дөрвөн хөллөж байрлах үед дэлхийн татах хүч ургийг төрөх замаар доошлох, зохимжтой байрлалд ороход тусалдаг. Ийм байрлалаар удаан байснаар та илүү их тухтай мэдрэмжийг мэдрэх ба нуруунд бага ачаалал өгөхөөс гадна,  ургийг чөлөөтэй хөдлөх, эх-ургийн цусны эргэлтийг сайжруулах боломж олгодог. Өвдөг хооронд  мөрний хэмжээтэй зай аван, 2 гараараа тулах ба та доороо зөөлөн дэвсгэр эсвэл дэр ивж таатай байдалд байж болно.

Хажуу талаар хэвтэх

Энэ байрлал нь төрөлтйин явцад ядарсан эхэд хэвтэж амрахад нь тустай  ба төрөлтийн эхний шатанд өвдөлт бууруулж өгдөг. Зүүн хажуугаараа хэвтэн, толгой дор болон өвдөг хоорондоо зөөлөн дэр эвж өгөх нь танд таатай байх болно. Мөн хэвтээ байрлал нь  ургийн цусны эргэлт болон умайн цусан хангамжийг ихэсгэдэг, таны хүүхдэд учруулах даралт, ачааллыг  багасгах давуу талтай.

Явган суух

Энэ байрлал нь төрөлтийн үед аарцаг яс чөлөөтэй тэлэхэд тустай бөгөөд гол төлөв ураг төрөх замаар доошлох хөдөлгөөнд тустай. Төрөлтийг хурдасгах, өвдөлтийг хүчтэй болгодог ба энэ байрлал нь их ядраадаг ч гэсэн хамгийн жам ёсны байрлал байж болох юм. Өөрөө явган суух, хүнээр түшүүлэх, ор, сандал зэргийг түшин хийх боломжтой.

Суух

Сандал дээр суугаагаараа урагшаа бөхийгөөд хөлөө ардаа тавьсан байрлал өвдөлтийг давж гарах,  амрах, нуруунд массаж хийх, аарцаг яс болон төрөх замын бэлтгэлд ач тустай. Энэ байрлал нурууны өвдөлт ихтэй үед илүү тохиромжтой.

Зогсоо

Энэ байрлалын үед газрын татах хүчний улмаас ураг төрөх замаар түргэн доошлон, умайн хүзүүнд учрах даралтыг ихэсгэж, умайн хүзүүний нээлт нэмэгддэг давуу талтай. Төрөгч эмэгтэй та зогсоогоор байрласнаас  өвдөлт хүчтэй болдог ч төрөлтийн үеийг хурдасгадаг. Та чөлөөтэй алхаж, хөдөлж явах боломжтой. Нөхөр болон эрүүл мэндийн тусламж үзүүлэгчийг түшиж тэвэрсэн байдалтай эсвэл хана түшиж зогсож болно.

Нэг хөл дээрээ зогсох

Энэ байрлал нь төрөх замаар ургийн эргэлдэх хөдөлгөөн хийх болон доошлоход тустай. Та нэг хөл дээрээ зогсоод нөгөө хөлөө сандал дээр өргөж тавин зогсож болно. Ингэхдээ та унахаас сэргийлж,  тогтвортой байхын тулд хана эсвэл нөхрөө түших хэрэгтэй. Та базлалт бүрийн үед хөлөө ээлжлэн тавих хэрэгтэй.  Хэрэв сандал хэтэрхий өндөр бол хөлийн тавиур ашиглаарай. Урагш сандал руу бөхийх гэх мэт илүү нэмэгдэл хөдөлгөөн хийх нь чухал.

Өвдөглөн суух

Энэхүү байрлал нь нурууны өвдөлтийг багасгадаг бөгөөд өвдөг дээрээ суун урагш бөхийх нь таны аарцгийн эзлэхүүнийг тэлж өгдөг. Энэ дасгалыг бөмбөгтэй эсвэл өвдөг болон толгой дор дэр ивж хийж болдог.

Санамж:

Дээрх дасгалыг үр дүнтэй болгохын тулд та амьсгалын дасгалтай хослуулан хийх явдал юм. Жирэмсэн эхчүүдийн төрөлтийн үеийн өвдөлт янз бүр байдаг  учраас та өөрт хамгийн тохиромжтой байрлалд байрлах хэрэгтэй.

 





» буцах
Шинэ
Их уншсан
© Зохиогчийн эрхийг хуулийн дагуу Ээж - Хайрын аппликейшн эзэмшинэ. 2015 он