Дутуу төрөлт гэж юу вэ?

2016-08-25     21867

Жирэмсний 24 өөс 37 долоо хоногийн хооронд умайн базлалт жигдэрч умайн хүзүү нимгэрч нээгдэн төрөлтийн үйл ажиллагаа эхлэж хугацаа гүйцээгүй дутуу хүүхэд төрөхийг дутуу төрөлт гэж нэрлэдэг. Харин жирэмсний 24 долоо хоногоос өмнө гарсан хүүхэд гадаад орчинд амьдрах чадваргүй байдаг тул зулбалт гэж нэрлэдэг.

Нийт дутуу төрөлтийн дөрөвний нэг нь зориудаар үүсгэгдсэн байдаг. Жишээлбэл: хүнд хэлбэрийн преэклампси, эклампси, ургийн архаг бүтэлтийн улмаас ургийн өсөлт хөгжилт зогсох зэрэг ноцтой байдал үүсвэл төрөлтийг хугацаанаас нь өмнө сэдээж эсвэл кесар хагалгаагаар төрүүлдэг.

Харин үлдсэн хэсэг нь өөрөө аяндаа эхлэсэн байдаг байна. Ураг орчмын шингэн хугацаанаас өмнө гарах эсвэл умайн хүзүүний дутмагшлын улмаас хугацаа болоогүй байхад умайн хүзүү базлалтгүй нээгдэх зэрэг нь дутуу төрөлтийн үндсэн шалтгаан болдог. Сүүлийн үед дутуу төрөлт нэмэгдэх хандлагатай байгаа бөгөөд үүний нилээд хэсгийг хоёр болон түүнээс дээш ихэр жирэмслэлтүүд эзлэж байна.

Дутуу төрөлт хэдий чинээ эрт тохиолдоно хүүхдэд төдий чинээ эрүүл мэндийн ноцтой асуудал үүсгэдэг. Хэдий чинээ хугацаа гүйцсэн хүүхэд төрнө төдий чинээ амьдрах чадвар сайтай эрүүл байх магадлалтай байдаг. Жирэмсний 34 өөс 37 долоо хоногийн хооронд төрсөн дутуу хүүхэд гадаад орчинд амьдрах чадвар харьцангуй сайн байдаг. Хэрэв 34 долоо хоногоос өмнө төрөлтийн үйл ажиллагаа эхлэвэл эмнэлгийн баг төрөлтийг аль болох хойшлуулахын зэрэгцээ ургийн уушгины хөгжилийг түргэсгэх зорилгоор кортикостероид хэрэлэдэг. Ингэснээр хүүхдийн гадаад орчинд амьдрах чадварыг нэмэгдүүлж өгдөг.

Дутуу төрөлт өөрөө эхлэх ямар шалтгаанууд байдаг вэ?

Хэдийгээр ихэнх шалгаанууд бүрэн тогтоогдоогүй байгаа боловч доорх хүчин зүйлсүүд дутуу төрөлтөнд чухал үүрэг гүйцэтгэдэг гэж үздэг. Үүнд:

  • Хламид, бактерийн гаралтай үтрээний үрэвсэл, трихомонад зэрэг бэлгийн замын халдвар дутуу төрөлттэй холбоотой байдаг.

Бактераас ялгарч байдаг бодисууд ураг орчмын бүрхүүлийг гэмтээж ураг орчмын шингэн хугацаанаасаа өмнө гарах шалтгаан болдог. Мөн ураг орчмын шингэн бүтэн байгаа үед ч бактер ураг орчмын шингэнд нэврэн орж дутуу төрөлтийн шалгаан болж чаддаг.

Хэрэв жирэмсний хяналтын явцад хламид, гоноррой зэрэг бэлгийн замын халдварт өвчин илэрвэл даруй эмчлүүлэх хэрэгтэй. Та өмнө нь дутуу төрж байсан бол бакерийн гаралтай үтрээний үрэвслийн шинжилгээ өгч байсан байж магадгүй. Танд үтрээний үрэвслийн шинж тэмдэг байвал шинжилгээ өгч антибиотик эмчилгээ хийлгэх шаардлагатай.

Зарим тохиолдолд тодорхой шинж тэмдэггүйгээр бэлгийн замын халдвар байж болохын анхаарахад илүүдэхгүй.

  • Ихэс түрүүлэлт, ихэс ховхролт зэрэг хүндрэлүүд

  • Умай болон умайн хүзүүний бүтцийн өөрчлөлттэй байх. Умайн хүзүүний дутмагшлын үед умайн хүзүү 25 миллиметр болон түүнээс богино байдаг бөгөөд базлалтгүйгээр умайн хүзүү нээгддэг.

  • Ихэр жирэмлэлт болон ураг орчмын шингэн хэт их байгаа нөхцөлд умай хэт сунаснаас болж төрөлт эрт эхлэдэг.

  • Чихрийн шижин, цус багадалт, хүнд хэлбэрийн багтраа, чонон хөрвөс, гэдэсний үрэвсэлт өвчнүүд болон идэвхтэй хэлбэрийн архаг гепатит зэрэг өвчнүүд дутуу төрөлт үүсэхэд нөлөөлдөг байна. Мөн бөөрний болон уушгины үрэвсэл, хэвлийн хөндийн мэс засал, хэвлийн гэмтэл зэрэг нь дутуу төрөлийн шалтгаан болдог.

Дутуу төрөлт болоход нөлөөлдөг хүчин зүйлс:

Хэдийгээр дутуу төрнө гэдгийг урьдчилан хэлэх боломжгүй боловч дараах эрсдэлт хүчин зүйлсүүд танд байвал дутуу төрөх магадлалыг нэмэгдүүлэх болно. Үүнд:

  • Өмнө нь дутуу төрж байсан тохолдолд (жирэмсний эрт хугацаанд төрөлт аяндаа эхлэж дутуу хүүхэд төрүүлж байсан бол эрсдэл өндөр байдаг.)

  • Хоёр болон түүнээс дээш тооны ихэр ураг тээж байгаа бол

  • 17 наснаас бага эсвэл 35 аас дээш насны жирэмсэн эмэгтэйчүүд

  • Жирэмсний хугацаанд хангалттай жин нэмээгүй бол

  • Жирэмсэн болохоос өмнө жин багатай байсан бол

  • Хэт намхан бол

  • Жирэмсний үед гурван сараас илүү хугацаагаар үтрээнээс цус гарч байсан бол

  • Архи тамхи болон мансууруулах бодис хэрэглэдэг бол

  • Сүүлийн 18 сарын дотор төрж байсан бол. Ялангуяа төрсний дараа 6 сарын дотор жирэмсэн болсон тохиолдолд

Мөн энд зарим эргэлзээтэй эрсдэлт хүчин зүйлсийн талаар судлаачдийн таамаглалийг орууллаа. Үүнд: 

Зарим судлаачид стресс болон дутуу төрөлтийн хооронд холбоо байгаа гэж үздэг. Энэ онолоор хүнд хэлбэрийн стресс умайн базлалт болон дутуу төрөлтийн эхлүүлдэг даавруудын ялгаралтанд нөлөөлдөг гэж үздэг. Мөн зарим судлаачид мэргэжлийн хүчин зүйлс ямар нөлөө үзүүлдэгийг судласан байдаг. Биеийн хүчний ажил болон олон цагаар ажиллах нь дутуу төрөлтөнд хүргэдэг гэдэгийг батласан. Долоо хоногт 40 цагаас удаан хугацаагаар ажиллах эсвэл хэт ядрах нь дутуу төрөл үүсэх нөхцөлийг бүрдүүлж өгдөж байна.

Эцэст нь зарим судлаачид удамшлын хүчин зүйлс дутуу төрөлтөнд нөлөөлдөг талаар судалгаа хийж байгаа. Удамшлын хүчин зүйл нь өөр өөр үндэстэн ястнуудын дунд дутуу төрөлтийн хувь ялгаатай байгааг тайлбарлахад тус болдог.

Дутуу төрөх эрсдэл байгааг ямар шинжилгээгээр илрүүлж болдог вэ?

Жирэмсэн эмэгтэйчүүдэд дутуу төрөлт тохиолдох эрсдэл болон дутуу төрөлтийн шинж тэмдэг байгаа эсэхийг илрүүлэх боломжтой үндсэн хоёр төрлийн шинжилгээний арга байдаг. Шинжилгээний хариу хэвийн гарах нь эмнэлэгт шаардлагагүй хэвтэхээс зайлсхийхээс гадна сэтгэл санааны хувьд тайван байхад чухал ач холбогдолтой. Хэрэв дутуу төрөх эрсдэлт хүчин зүйлс болон дутуу төрөлтийн шинж тэмдэг байхгүй бол эдгээр шинжилгээг заавал хийлгэх шаардлагагүй.

Умайн хүзүүний уртыг хэмжих

Эмч таны умайн хүзүүний уртыг жирэмсний анхны үзлэгийн үед болон жирэмсэний явцад хэт авиан шинжилгээний тусламжтайгаар хэмжиж хянаж байдаг. Хэрэв жирэмсний дунд үеэс умайн хүзүү богиносож эхлэвэл дутуу төрөлт эхлэхийн дохио болдог.

Хэрэв та умайн хүзүүний дутмагшилтай байх эрсдэлтэй эсвэл танд умайн хүзүү өөрчлөгдөж байж болзошгүй шинж тэмдэгүүд илэрвэл (аарцаг руу даралт нэмэгдэх, нуруу чилж өвдөх, салиархаг ялгадас гарах гэх мэт) эмч хэт авиан шинжилгээгээр умайн хүзүүний уртыг хэмжиж өөрчлөлтийн шинж тэмдэг байгаа эсэхийг шалгах болгох болно.

Хэт авиан шинжилгээгээр умайн хүзүү богиносон өөрчлөгдсөн болох нь тогтоогдвол эмч таныг биеийн ачаалалаа багасгаж бэлгийх харьцаа болон тамхи татах зэргээс зайлсхийхийг зөвлөж магадгүй. Таны биеийн байдал болон таны хүүхдийн хугацаа зэргээс хамаарч хэдэн долоо хоногийн дараа дахин хэт авиан шинжилгээ хийлгэхийг товлодог.

Хэрэв жирэмсний 24 долоо хоногоос бага хугацаанд байгаа бөгөөд умайн хүзүү богиносож өөрчлөгдсөн мөн базлалт байхгүй байгаа нөхцөлд эмч умайн хүзүүнд оёдол тавих ажилбарыг танд санал болгож магадгүй. Энэ нь тусгай зориулалтын утсаар умайн хүзүүг тойруулан хумьж оёдол тавин түүнийг нээгдэхээс сэргийлдэг. Хэдийгээр энэ ажилбар эрсдэл багатай боловч хийхийн өмнө эсрэг заалт байгаа эсэхийг сайтар шалгах хэрэгтэй.

Жирэмсний хоёр дах гурван сард хоёр болон түүнээс олон удаа зулбаж байсан эмэгтэйчүүдэд жирэмсний 13 аас 16 долоо хоногийн үед умайн хүзүү өөрчлөгдөж эхлэхээс өмнө оёдол тавих нь илүү тохиромжтой байдаг.

Ургийн фибронектины шинжилгээ

Энэ шинжилгээг ихэвчлэн базлалт эхлэсэн эсвэл дутуу төрөлтийн шинж тэмдэгүүд илэрсэн жирэмсэн эмэгтэйчүүдэд хийдэг. Ургийн фибронектин бол ургийн бүрхүүлээс ялгардаг уураг юм. Хэрэв дутуу төрөх өндөр эсдэлтэй гэж үзвэл 24 өөс 34 долоо хоногийн хооронд умайн хүзүүний болон үтрээний шүүрэлээс шинжилгээ авч дээрх уургийн хэмжээ ямар байгааг тодорхойлдог.

Хэрэв шинжилгээний хариу эерэг гарвал умайн булингийн агшилт сулруулах эмийн бодисын зэрэгцээ ургийн уушгины хөгжилийг хурдасгах зорилгоор кортикостероид хэрэглэдэг.

Харин шинжилгээний хариу сөрөг гарвал хоёр долоо хоногийн дотор төрөлтийн үйл ажиллагаа эхлэхгүй байх магадлалтай. Хариу сөрөг гарсантай холбоотойгоор сэтгэл санаа тайван байхаас гадна эмнэлэгт хэвтэх, шаардлагагүй эмчилгээ хийлгэх зэргээс зайлсийх болно.

Хэрэв дутуу төрөх эрсдэлтэй бол өөр юуг анхаарах хэрэгтэй вэ?

Өөртөө анхаарал халамж тавих хэрэгтэй. Аль болох шим тэжээл сайтай хоол хүнс хэрэглэх, хангалттай сайн амарч байх, жирэмсний хяналтанд эрт орох, эмчийн үзлэгт тогтмол очиж байх, срессээс зайлсхийх, өөрийн эрүүл мэндийн байдлыг хангах зэрэг нь жирэмсний хугацааг гүйцээхэд чухал дэмжлэг болно.

Жирэмсний хугацаанд өөрийн биед гарч байгаа өөрчлөлтийг сайтар анхаарч байх хэрэгтэй. Өдөр болгон хэсэг хугацаанд тайван байж хүүхдийнхээ хөдөлгөөн болон өөрт ямар нэгэн өвдөлт, хөндүүлэл байгаа эсэхийг анзаарч байгаарай.

Дутуу төрөлтийн шинж тэмдэгүүдийг мэддэг болсноор хэдийд эмчид хандах хэрэгтэй тухай ойлголтой болно. Үүний үндсэн дээр дутуу төрөлтийг хэрхэн удирдах, ургийн уушгины хөгжилийг дэмжих зэрэг арга хэмжээг цаг алдалгүй авах болно. Эрт арга хэмжээ авч эмчилгээ хийж эхлэх нь таны хүүхдийн эрүүл мэндэд чухал ач холбогдолтой.

Хэрэв та өмнө нь дутуу төрж байсан эсвэл өндөр эрсдэлтэй бол эмч танд тусгайлан зөвлөгөө өгч магадгүй.

Зарим эмч нар хэвтрийн дэглэмийг санал болгодог ч дутуу төрөлтөөс сэргийлдэг нь бүрэн батлагдаагүй байгаа болно.

Дутуу төрөлтийн ямар шинж тэмдгүүд байдаг вэ?

Хэрэв жирэмсний хоёр болон гурав дах гурван сарын хугацаанд дараах шинж тэмдгүүд илэрвэл эмчтэйгээ холбоо бариарай. Үүнд:

  • Үтрээний шүүрэл нэмэгдэх

  • Шүүрлийн байдал өөрчлөгдөх. Хэрэв илүү усархаг болох, салиархаг шинжтэй болох эсвэл цусны хольцтой болох зэрэг шинж илэрвэл

  • Үтрээнээс цус гарвал

  • Хэвлийгээр удаан хугацаанд хатуурах эсвэл цагийн дотор дөрөв болон түүнээс олон базлавал

  • Доош тулж өвдвөл (таны хүүхэд доошилсон юм шиг санагдвал)

  • Ууц нуруу чилж өвдвөл (ялангуяа өмнө нь нуруу өвддөггүй байсан бол )

Эдгээр шинж тэмдэгүүд нь зарим үед хэвийн жирэмсний явцад аарцаг орчимд учрах даралтын хэмжээ нэмэгдсэнтэй холбоотойгоор үүсэх шинж тэмдгүүд болон Бракстон гиксийн базлалттай андуурагдаж болох талтай.

Гэвч болгоомжтой байснаар учирч болох хүндрэлээс сэргийлж чадахыг мартаж болохгүй.

Хэрэв дутуу төрөлт эхлэвэл яах вэ?

Хэрэв дутуу төрөлтийн шинжүүд илрэх болон ураг орчмын шингэн хугацаанаасаа өмнө гарвал эмнэлэгт хэвтэж зохих арга хэмжээ авах хэрэгтэй болдог. Таны ураг орчмын шингэний бүрхүүл бүтэн байгааг болон умайн базлалт байгаа эсэхийг шалгахаас гадна үрээний шүүрэл, шээс зэрэгт халдварын шинж байгаа эсэхийг нягтална. Мөн ургийн фибронектинийг үзэх болно. Эмч хэвлийн хэт авиан шинжилгээгээр урагийн өсөлт хөгжил, жирэмсний хугацаа, байрлал, ихсийн болон ураг орчмын шингэний байдал зэргийг үзнэ. Мөн шаардлагатай бол үрээний хэт авиан шинжилгээгээр умайн хүзүүний урт мөн богиноссон шинж байгаа эсэхийг тодруулна. Хэрэв жигд базлалттай байвал дотуур үзлэг хийж умайн хүзүүний байдлыг үнэлэх болно.

Хэрэв бүх шинжилгээний хариу хэвийн гарсан, ураг орчмын шингэн бүтэн, умайн хүзүүнд өөрчлөлт байхгүй, ургийн байдал хэвийн байвал хэсэг хугацаанд хянаад гэрээд тань буцааж магадгүй.

Хэдийгээр эмч болгон эдгээр нөхцөлд бага зэрэг ялгаатай арга хэмжээ авч болох ч ерөнхий зарчим нь адилхан байдаг. Хэрэв таны хэвтсэн эмнэлгийн нярайн тасаг дутуу нярайн эмчилгээ хийх боломж багатай бол таныг дутуу нярайн төрөлжсөн төв рүү шилжүүлж магадгүй.

Хэрэв таны ураг орчмын шингэн 37 долоо хоногоос өмнө гарсан бөгөөд умайн базлалт байхгүй байгаа бол төрөлтийг сэдээх эсвэл хүлээх зарчим баримтлахын алийг сонгохоо тухайн үеийн нөхцөл байдлаас шалтгаалж эмнэлгийн баг шийддэг. Зарим эмэгтэйчүүдэд В бүлгийн стрептококк болон бусад халдвараас сэргийлж антибиотик эмчилгээ эхлүүлэх болно. Төрөлт эхлэхийг хүлээх нь хүүхдийн хугацаа гүйцэхэд нэмэр болох боловч халдвар үүсэх эрсдэл нэмэгддэг. Энэ нь танд болон таны хүүхдэд хоёуланд нь аюултай. Халдварын шинж илэрвэл даруй төрөлтийг сэдээж эхлүүлэх болно. Хэрэв ургийн бүтэлт үүсвэл ихэвчлэн кесар хагалгаагаар төрүүлдэг.





» буцах
Шинэ
Их уншсан
© Зохиогчийн эрхийг хуулийн дагуу Ээж - Хайрын аппликейшн эзэмшинэ. 2015 он