Хамгийн хамгийн

2016-08-26     14251

Хөөрхөн үрсээ халамжлан өсгөхөд хамгийн чухал нь юу вэ? Ээжүүдийн мэдэж байх ёстой хамгийн хамгийнийг хүргэж байна.

1. ХҮҮХДИЙН ӨСӨЛТ ХӨГЖИЛД ХАМГИЙН ЧУХАЛ ЗҮЙЛ бол хайр юм. Хүүхэд хайраар өсдөг. Хэтэрхий их хайрлах, хайр нь дэндэх гэсэн ойлголт байдаггүй. Хүүхдээ хайрлаж энхрийлж эрхлүүлснээр муу хүн болдоггүй. Харин хайраас бусад зүйлд хүүхэддээ дэг жаяг, хэмжээ хязгаар тогтоодог байх ёстой.

2. Нярайн хүнд шарлалтын хамгийн аюултай үе нь амьдралын эхний 1-2 долоо хоног тул эмчилгээнд хугацаа алдаж болохгүй. НЯРАЙН ШАРЛАЛТЫН ХАМГИЙН ҮР ДҮНТЭЙ, АЮУЛГҮЙ ЭМЧИЛГЭЭ бол фото шарлага юм.

3. ХҮҮХДИЙН ХАМГИЙН ИХ УЙЛДАГ ҮЕ нь 1-2 сартайд байдаг. Иймд уйлж буй хүүхдээ тайвшруулдаг аргуудыг эцэг эх бүр мэддэг байх ёстой.

4. Аль ч насны хүүхдэд заавал уулгаж байх ёстой, өсөлт хөгжилд нь ХАМГИЙН ЧУХАЛ ВИТАМИН бол Д юм. Учир нь Д витамин хөхний сүү, хоол хүнсэнд бараг агуулагддаггүй. Д нь бие махбодид витамин гэхээсээ гормон төст үйлдэл үзүүлдэг.

5. Нялхас (0-1 нас) болон 5 хүртлэх насны хүүхдийн хамгийн олонтаа өвчилдөг өвчин бол амьсгалын тогтолцооны өвчлөл: ханиад, хатгалгаа, томуу байдаг. УУШГИНЫ ХАТГАЛГААНЫ ХАМГИЙН ӨВӨРМӨЦ, ЗААВАЛ БАЙХ ЁСТОЙ ШИНЖ бол амьсгалын тоо олшрох буюу амьсгаадах/амьсгалахад бэрхшээлтэй болох юм.

6. Эцэг эхчүүдийн гаргадаг ХАМГИЙН ТҮГЭЭМЭЛ АЛДАА бол хүүхдээ бусад хүүхэдтэй харьцуулдаг явдал байдаг. Хүүхэд бүр давтагдашгүй, өөр өөр гэдгийг ойлгох хэрэгтэй.

7. Эцэг эхчүүдийн дунд байдаг ХАМГИЙН ТҮГЭЭМЭЛ БУРУУ ОЙЛГОЛТ бол тархи хөдөлсөн хүүхэд суулгадаг гэдэг ойлголт. Суулгалт хэзээ ч тархины гэмтлийн шалтгаантай байдаггүй. Хүүхдийн суулгалтын шалтгаан нь дийлэнхидээ вирус, нян, антибиотик, хоол хүнс, хордлого, харшил байдаг.

8. Жоргүй олгогддогоос хүүхдэд ХАМГИЙН ӨРГӨН ХЭРЭГЛЭГДДЭГ ЭМ нь парацетамол (панадол, парацетамол лаагаар, тайленол), ибупрофен (нурофен, мотрин) 2 юм. Эдгээр нь халуун бууруулж өвдөлт намдаах үйлдэлтэй. Гэхдээ ибупрофенийг 3 сараас доош насанд хэрэглэдэггүй гэдгийг мэддэг байвал зохино. Хэдийгээр ибупрофен нь үрэвсэл намдаах үйлдэлтэй ч энэ нь 2-3 долоо хоног уусны дараа л илэрдэг.

9. ХУУРАМЧ ЭМИЙН ХАМГИЙН ТОМ ЗАХ ЗЭЭЛээр Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага БНХАУ, Энэтхэг, Пакистан, ОХУ, Вьетнамыг нэрлэж байна. Хөгжиж буй орнуудын эмийн зах зээлийн 10-30% нь хуурамч байдаг бол өндөр хөгжилтэй орнуудад (АНУ, Канад, Япон, Австрали, Шинэ Зеланд, Европийн холооны улсууд) энэ үзүүлэлт 1%-аас бага байдаг. Антибиотик, мэдрэлийн болон зүрх судасны эмүүдийг хамгийн ихээр хуурамчаар үйлдвэрлэдэг.

Эх сурвалж: Т.НАВЧАА Анагаах ухааны доктор, Клиникийн профессор





» буцах
Шинэ
Их уншсан
© Зохиогчийн эрхийг хуулийн дагуу Ээж - Хайрын аппликейшн эзэмшинэ. 2015 он