Төрсний дараах үеийн үнэн, худал цуу яриа

2016-08-30     37553

Эмэгтэй хүн хүүхэд төрүүлнэ гэдэг энэ орчлонгийн хамгийн гайхамшигтай цаг мөч билээ. Үүнтэй адилаар амаржсаныхаа дараа биеэ гамнаж, гам барих учиртай хэмээн монголчууд эртнээсээ хэлэлцсээр ирсэн. Гэвч яагаад заавал гам барих ёстой, ингэлээ гээд ямар нөлөөтэй талаар хүмүүс өөр өөрийн гэсэн байр суурьтай байдаг. Жишээ нь, Америк бүсгүй төрснийхөө дараа шууд л усанд орж байхад монгол хүүхнүүд сарын дараа усанд орж болно гэлцдэг. Тиймээс үнэн худлыг хамтдаа хайцгаая.

Төрсний дараа усанд орж болохгүй

Худал: Эмэгтэй хүн төрсний дараа сарын хугацаанд усанд орж болохгүй. Учир нь дөнгөж төрсөн эх усанд орвол шууд гам алдаж, хууч өвчтэй болно. Энэ нь Монголчуудын эрт дээр үеэс баримталж ирсэн уламжлалт арга бөгөөд эмэгтэй хүн бүр заавал төрснийхөө дараа сарын дараагаас биедээ ус хүргэж болно.

Үнэн: Төрсний дараа мэдээж, усанд орж, ариун цэврийг сахих чухал. Эмэгтэй хүн жирэмслэлтийнхээ явцад их хэмжээний усыг биедээ агуулдаг. Харин төрсний дараа энэ ус нь хөлс, цус, шингэнээр дамжин гадагшилдаг байна. Ийм болохоор эмэгтэй хүн төрсний дараа ихээр хөлөрдөг. Өдөр бүр усан хулгана болтлоо норж байж усанд орохгүй бол мэдээж ариун цэврийнхээ тал дээр бохирдоно. Тиймээс ямар ч л гэсэн төрсний дараа усанд орох хэрэгтэй гэдэгтэй маргах хэрэггүй. Гол нь усанд орсны дараа даарч болохгүй шүү.

Төрсний дараа усанд орохгүй сар болбол юу болохыг төсөөл л дөө. Эмэгтэй хүн амаржсаны дараа хамаг биений сүв нээгддэг учир ариун цэврийг дээд зэргээр сахих учиртай. Тэгвэл яагаад монгол бүсгүй эртнээс нааш төрсний дараа усанд орж болохгүй гэсэн яриа гарсан хэрэг вэ. Ердөө л халуун, хүйтэн хавсрахаас сэргийлсэн хэрэг гэдгийг эмч мэргэжилтнүүд тайлбарлаж байна. Монгол бол эрс тэс уур амьсгалтай улс учир дөнгөж төрөөд нялхарсан эх усанд орчихоод даарчихвал юу болох болж байна? гэсэн үүднээс ингэж гам барьсаар ирсэн.

Анхаараарай!. Төрсний дараа усанд орж болох ч та нялх биетэй байгаагаа хэрхэвч мартаж болохгүй. Усанд орсоныхоо дараа хөл нүцгэн явж, толгой, чихээрээ салхи авч болохгүй. Аль болох салхи нэвтрэхгүй даавуун хувцас өмсч, толгойгоо боож, чихээ бөглөхөө мартуузай. Дөнгөж төрсөн нялх биетэй ээж салхи авах л юм бол гам алдаж улмаар толгой, үе мөчний өвчтэй болох эрсдэлтэй байдаг шүү ээжүүд ээ.

Төрсний дараа заавал зузаан хувцаслаж, даарч хөрч болохгүй

Худал: Тийм ээ. Энэ бол мэдээжийн хэрэг шүү дээ. Төрсөн эхийн хамаг сүв нээгдэж, бие нялхарсан байдаг. Ийм үедээ даарвал ханиад томуу хүрэх, хууч өвчтэй болох, хүүхдээ ч асарч чадахгүй өвдөх магадлалтай. Яагаад гэвэл манай улсын цаг уур маш эрс тэс учраас ээж та цаг агаартаа зохицуулан хувцаслаж сураарай.

Үнэн: Төрсний дараа хөвөнтэй өмд, эсгий гутал өмсөх ухааны юм яриагүй юм шүү. Та дулаан байх нь л чухал юм шүү. Түүнээс биш гам барьж байна гээд агаар орохын аргагүй зузаал гэсэн үг огт биш юм.Хэтэрхий зузаан хувцас байнга өмсөөд байвал та улам халууцаж хөлөрсөнөөр жоохон салхи авахад л гам алдаж болох юм. Тиймээс нимгэн, зузаан хувцасыг улирал, цаг агаарын байдалд тохируулан өмсөх нь чухал юм шүү ээжүүд ээ.

Хагалгаагаар төрсөн эхэд сүү ордоггүй

Худал: Кесар хагалгаараар төрсөн эхэд сүү ордоггүй ба хүүхдээ төрөнгүүт нэмэлт тэжээлээр угжиж хооллодог. Харин өөрөөрөө төрсөн эхчүүд хагалгаараар төрсөн эхчүүдийг бодвол хурдан сүү орж, сүүний гарц нь ч сайн байдаг.

Үнэн: Эмэгтэй хүн жирэмслээд төрсний дараа эхэс савнаас гадагшилсан л бол шууд хөхөнд хар уураг нь ялгарч, улмаар сүү болон хувирах үйл ажиллагаа эхэлдэг. Ингэснээр хагалгаагаар төрсөн ч бай, өөрөөрөө төрсөн ч бай эхчүүд ялгаагүй адилхан сүү ордог. Дараа нь эх сайн унтаж амарч, хоол ундаа сайн идэж байвал сүү орох нь улам ихэсдэг.

Хагалгаагаар төрсөн эхэд удаж байж сүү ордог гэсэн яриа бий. Энэ нь огт үндэслэлгүй юм. Магадгүй тухайн эх хагалгаанаас болж тамирдаж ядрах, хүүхдээ төрснийх нь дараа шууд амлуулаагүйгээс уураг нь сүү болох үйл ажиллагаа бусдынхаас бага зэрэг хоцорч мэдэх юм. Тиймээс тухайн эхийг сайн сүүтэй байлгахын тулд ар гэрийнхэн, асран халамжлагчид анхаарах хэрэгтэй юм. Ер нь өөрөөрөө төрсөн ч бай, кесар хагалгаагаар төрсөн ч бай дөнгөж төрсөн нялх биетэй эхийг сүүний гарц чинь муу байна, сайн байна гэж  хэлж, сэтгэл санааг нь чилээрхэх үг хэлж болохгүй шүү гэж ар гэрийнхэнд нь зөвлөж байна.

Төрсний дараа ээж сүүтэй цайнаас өөр зүйл ууж болохгүй.

Худал: Дөнгөж төрсөн эх зөвхөн сүүтэй цай ууж байж хөхөндөө сүү оруулдаг. Сүүтэй цай хөхөнд хамгийн сайн сүү оруулдаг ба эхний 6 сарын хугацаанд сүүтэй цайнаас өөр шингэн зүйл ууж болохгүй.

Үнэн: Мэдээж төрсөн эхэд сүүтэй цай хамгий сайн ядаргааг нь тайлж, хөхний сүүний гарцыг нэмэгдүүлдэг. Сүүтэй цайнаас ээж шингэн зүйл ууж болохгүй гэвэл ташаа ойлголт юм. Ялангуяа төрсний дараа буцалгасан ус, хар цай ээлжилж уух нь сүүний гарцыг нэмэгдүүлнэ. Буцалгасан ус сайн уугаад байвал бүү сайн орох ба, төрсний дараах хаванг биенээс хөөж гаргахад тустай. Харин хар цай нь эхийн амны цангааг сайн тайлж, хөхөнд сүү сайн оруулдаг. Дан ганц сүүтэй цай хөхөнд сүү оруулдаг гэвэл үгүй юм.

Төрсний дараа уурлаж, уйлж болохгүй

Худал: Эмэгтэй хүн төрсөний дараа сэтгэл санаагаар хямарч, уурлаж, уйлвал шууд тэр дорноо сав нь хөөрч, улмаар галзуурах аюултай.

Үнэн: Дөнгөж төрсөн эхийг уурлуулж, уйлуулж болдоггүй гэдэг нь учиртай. Яагаад гэвэл бүх л 9 сарын турш сав хүүхэд тээхийн тулд томорсон байдаг. Харин төрсний дараа эхийг хэт сэтгэлийн хөөрөлд автуулбал сав хөөрч, сэтгэл санаа тогтворгүй болох магадлалтай. Тиймээс төрсөн эхийг тайван амгалан байлгахад хүн бүр анхаарах хэрэгтэй. Үүнд дааврын өөрчлөлтөнд орсон байдаг гэдгийг нь мартаж болохгүй.

Дөнгөж төрсөн эх их эмзэг мэдрэмтгий болдог учир түүнийг энгийн хүнтэй адилтгаж, хааш яаш, хайхрамжгүй харьцаж болохгүй. Бас төрсөн эх өөрийгөө улам эмзэгээр хүлээн авдаг гэдгийг мартаж болохгүй.





» буцах
Шинэ
Их уншсан
© Зохиогчийн эрхийг хуулийн дагуу Ээж - Хайрын аппликейшн эзэмшинэ. 2015 он