Хярзангийн урагдал гэж юу вэ?

2016-08-30     33069

Төрөх үед ээжүүд миний хярзан урагдах болов уу гэж санаа зовж, айж асуудаг. Хярзангийн урагдал төрөх замаар ихэнх ээжүүдэд тохиолддог. Таны хүүхэд энэ хорвоод гарч ирэх үед таны хярзан (үтрээ болон хошногын хоорондох зай) урагдаж болох юм. Урагдал ихэвчлэн анх удаа төрж байгаа эмэгтэйчүүдэд үүсдэг бөгөөд бага хэмжээний зулгаралаас эхлээд аарцагны ёроолын хэд хэдэн булчинг хамарсан гүн урагдал хүртэл янз бүрийн хэмжээтэй байж болно. Хэдийгээр танд эпизиотоми буюу хярзан огтлол хийсэн байсан ч нэмж урагдал үүсч болно.

Хамгийн өнгөц ургадал нь хярзангийн арьс болон үтрээний үүдэвч хэсгийн эд эсвэл үтрээний салст давхрагыг хамарсан байх бөгөөд булчин гэмтээгүй байдаг. Энэ хэлбэрийн урагдалыг нэгдүгээр зэргийн урагдал гэж нэрлэдэг бөгөөд цөөн тооны жижиг оёдол эсвэл оёдол тавих шаардага байдаггүй. Энэ нь бага зэрэг таагүй мэдрэмж төрүүлж болох ба хурдан эдгэрдэг.

Хоёрдугаар зэргийн урагдал бол илүү гүн болж булчинг хамарсан байдалтай болдог. Энэ хэлбэрийн урагдалын үе үеэр нь нийлүүлж оёх зайлшгүй шаардагатай. Үүний улмаас зарим таагүй мэдрэмж үүсдэг бөгөөд эдгэртлээ хэдэн долоо хоног болдог. Үтрээгээр төрж байгаа эмэгтэйчүүдийн дөрвөн хувь орчимд илүү ноцтой хярзангийн урагдал үүсдэг.  Зарим үед эпизиотоми хийсэн боловч эдүүд цааш урагдах тохиолдол үүсдэг байна. Эдгээр хүнд хэлбэрийн урагдалын гурав болон дөрөв дүгээр зэргийн урагдал гэдэг.

Гуравдугаар зэргийн урагдалын үед үтрээний эд, хярзангийн арьс болон булчин, шулуун гэдэсний цагираг булчинг хамарсан байдаг.  Харин дөрөвдүгээр зэргийн үед дээрх урагдал цаашлан шулуун гэдэсний урд ханыг хамарсан байдаг.

Эдгээрээс гадна өөр хэсэгт урагдал үүсч болно. Зарим эмэгтэйчүүдэд үтрээний урд хэсэг шээсний сүвний орчимд урагдал үүссэн байж болно. Эдгээр урагдал нь гүн биш байдаг тул цөөн тооны оёдол шаардлагатай үед тавьдаг.

Үтрээний дээд хэсгийн урагдал булчинг хамардаггүй тул хярзангийн урагдалыг бодвол өвдөлт багатай, хурдан эдгэрдэг онцлогтой. Харин энэ хэлбэрийн урагдлын гол зовиур нь шээх үед хорсох юм.

Зарим ховор тохиолдолд умайн хүзүү, бэлгийн уруул болон үтрээний эд гүнзгий урагдсан байж болдог.

Гурав болон дөрөвдүгээр зэргийн урагдал ямар үед  үүсэх эрсдэлтэй вэ?

Эдгээр урагдал төрөх замаар төрж байгаа хэнд ч үүсч болох боловч дараах нөхцлүүдэд үүсэх магадлал илүү байдаг. Үүнд:

  • Анхан төрөгчид

  • Түрүүчийн төрөлтийн үед гурав болон дөрөвдүгээр зэргийн урагдал үүсч байсан

  • Төрөлтийг дэмжих арга хэрэглэсэн бол, ялангуяа щипцы тавиулж төрсөн бол

  • Эпизиотоми хийлгэсэн бол. Хэдийгээр эпизиотомиг урагдалаас сэргийлж хийдэг боловч зарим эмэгтэйчүүдэд мэс залслыг зүслэгээс давсан урагдал үүсч болдог.

  • Таны хүүхэд том бол

  • Таны хүүхэд нүүрээрээ түрүүлсэн байрлалаар төрсөн

  • Таны үтрээний үүдэвч болон анусны хоорондох зай ойрхон буюу намхан хярзантай бол

Урагдалыг яаж эмчилдэг вэ?

Хэрэв төрөлтийн явцад урагдал үүсвэл хэсгийн мэдээ алдуулалтын дор оёдол тавих шаардлагатай болдог. Мэдээ алдуулсны дараа эмч урагдлыг үе үеэр нь нийлүүлэн оёдог. Оёдол тавьсны дараагаар дараагийн 12 цагийн хугацаанд хүйтэн жин тавьдаг. Хэрэв өвдөлт ихтэй зовиуртай байвал өвдөлт намдаах эмийн бодис хэрэглэж болно.

Шархны эдгэрэлтэнд юу анхаарах хэрэгтэй вэ?

Өвдөлт арилсан ч танд сүүлийн хэдэн сарын хугацаанд таагүй мэдрэмж төрсөөр байж болно. Гурав болон дөрөвдүгээр зэргийн ураглын эдгэрэлтэнд анхаарах зарим санамжуудад:

  • Хүндээр бие засах болон шээх үед өвдөлт мэдрэгдэж болно. Эмч танд өтгөн хаталтын эсрэг хоолны дэглэм болон шаардлагатай үед хэрэглэх эмийн талаар зөвлөгөө өгөх болно. Та гэртээ гарсаны дараа хэдэн долоо хоног дээрх зүйлсийг үргэлжлүүлэн хэрэглэх хэрэгтэй.

  • Өвдөхөөс айж хүндээр бие засалгүй өтгөнөө хурааж болохгүй.

  • Эмч зөвшөөрөх хүртэл бэлгийн харьцаанд орж болохгүй.

  • Шулуунгэдсээр хэрэглэдэг ямар нэгэн лаа болон бургуй хэрэглэхээс зайлсхий

  • Шулуун гэдэсний хумигч булчин гэмтсэний дараагаар оёдол тавиулсан боловч хий болон өтгөнөө барьж чадахгүй байвал эмчидээ үзүүлэх хэрэгтэй.

  • Оёдлоо аль болох цэвэр хуурай байлгах, бохирдсон ариун цэврийн хэрэглэлтэй удаан байхаас зайлсхийх

  • Оёдлоо ариутгагч уусмал болон савантай усаар угааж байх. Угаасны дараа сайтар хуурайшуулж байх хэрэгтэй.

Урагдалаас сэргийлэхийн тулд юу хийх боломжтой юу вэ?

Боломжтой. Жирэмсний гурав дах гурван сарын хугацаанд хярзангийн арьсанд массаж хийх нь төрөлтийн үед урагдал үүсэх эсдэлийг бууруулж өгдөг. Мөн үтрээ болон хярзангийн үрэвсэлгүй байх нь урагдал үүсэхгүй байхад чухал нөлөөтэй.

Мөн төрөлтийн үед аажим зөв дүлж өгөх нь хярзангийн арьсыг сунаж дасан зохицох боломжийг нэмэгдүүлдэг. Энэ нь хүүхдийн толгойг цухуйтал хүчтэй дүлэлгүй тэвчээртэй хүлээж эмч болон эх баригчийн үгэнд сайн орно гэсэн үг.

Энгийн төрөлтийн үед эпизиотоми хийхээс аль болох татгалзаж төрөлтийн явцад хярзан бүтэн байлгах тусламж үзүүлдэг эмчээр төрөлтөө удирдуудахыг хичээх хэрэгтэй. Гэхдээ эмч бүхнийг хянах боломжгүй гэдгийг санаарай. Хэрэв таны хүүхэд том байх, хүүхдийн байрлал буруу байх, болон хярзан хэврэг байх зэргийн үед урагдаас зайлсхийх боломжгүй байдаг

 





» буцах
Шинэ
Их уншсан
© Зохиогчийн эрхийг хуулийн дагуу Ээж - Хайрын аппликейшн эзэмшинэ. 2015 он