Хөөрхөн Хүүхдийн зурхай

2016-08-31     16112

Хонины ордныхон буюу манлайлагчид

/III.21-IV.21/

Хонины ордод харьяалагдах хугацаанд төрсөн хүүхдүүдийг энэ онд маш сонирхолтой бөгөөд урт удаан аялал тэднийг хүлээж байна. Тэд гэнэн цайлган, цог жавхаатай инээд, хөгжилтэй сэтгэхүйгээрээ олны хайрыг татдаг. Түүнд од гаригс олон давуу талыг бэлэглэжээ. Тэрээр адал явдалд дуртай, сониуч нэгэн байх учраас багаас нь хариуцлагатай, үүргээ ухамсарладаг, буурь суурьтай нэгэн болгон өсгөхийн тулд таны өгөх хүмүүжил маш чухал. Хүүхдэдээ багаас нь сайн найз нь, дотны нөхөр нь байснаар та түүнийг цог жавхаалаг ирээдүйгээ улам бүр гэрэлтүүлэх бамбараа асаахад нь туслах болно. Түүнд маш олон давуу тал, алт шиг чанарууд байх бөгөөд ганц л дутагдал бий. Тэр нь амьдралаа зөв залуурдах ухаан, буурь суурь байх болно. Үүнийг нь багаас нь төлөвшүүлж чадвал таны хүүхэд хамгийн шилдэг сурагч, хамгийн шилдэг өрсөлдөгч байх болно. Тиймээс та түүний хамгийн шударга найз, зөвлөгч, анд нөхөр нь байхыг хичээгээрэй. Учир нь тэр худал хуурмагт яс махнаасаа дургүй нэгэн.

Үхрийн ордныхон тэвчээртэй хөдөлмөрлөгчид

/IV.21-V.21/

Үхрийн ордод таны хүүхэд мэндэлсэн бол та энэ онд түүнийг маш ихээр хайрлаж, эх хүний гаргах хайр халамжаас ч илүү ихийг зориулахыг хичээх болно. Гэр бүлийнхэн тань, найз нөхөд тань ч хүүхдэд тань маш их хайртай, түүнд ихээхэн халамж анхаарал тавьдаг болохыг та анзаарна. Гэвч бүхний хайрыг татсан энэ хүүхдэд тэвчээр энэ амьдралынх нь хамгийн чухал чанар гэдгийг нь та санаж яваарай. Та түүнийг багаас нь хатуу бэрхээс айдаггүй, хатуужилтай нэгэн болгож өсгөхийн тулд хичээл зүтгэл гаргах хэрэгтэй. Үүний хажуугаар түүний хийсэн сайн үйлсэд сэтгэлээ хайрлалгүй урам өгч байгаарай. Ингэж чадвал түүний төрөлхийн тэвчээртэй, няцашгүй, бас хөдөлмөрч зан чанарыг та хурцалж ирлэх болно.

Ихрийн ордныхонд төрөлхийн чадвараа нээх боломж олго

/V.22-VI.21/

Ихрийн ордны хүүхдүүд тулгарсан асуудал бэрхшээлээ гэр бүлийнхэнтэй хуваалцдаггүй сул талтай. Харин ч бусад хүүхэдтэй асуудлаа ярилцаж тайвширдаг зантай. Ингэлээ гээд түүнийг зэмлэх хэрэггүй. Тиймээс энэ жил тэднийг өөрчлөх гэж эрх чөлөөг нь хумьж, заавал бидэнтэй ярилц гэж тулгах бүр ч хэрэггүй. Учир нь тэр шийдвэрээ өөрөө гаргах, хэн нэгнээс хамааралгүй нэгэн болохыг хүсч тэмүүлдэг чанартай нэгэн гэдгийг нь та эртнээс мэдэж байвал ирээдүйд гарах асуудлыг шийдэхэд улам хялбар болно. Түүнийг ялих шалихгүй зүйлээр зэмлэх хэрэггүй. Бас тулга тойрсон аар саар зүйлийг хийхийг шаардах бүр ч шаардлагагүй. Учир нь тэр төрөлхийн менежер. Зохион байгуулах, төлөвлөх төрөлхийн чадвартай учраас хамгийн чухал гэсэн үүрэг даалгаврыг хариуцуулах нь хүч чадлыг нь үнэлж буй хэрэг болно.

Өхөөрдөм хөөрхөн, эмзэг Мэлхийнүүд

/VI.22-VII.22/

Өхөөрдөм хөөрхөн, ичимхий бяцхан мэлхийнүүдэд морин жилд ээжүүдийнх нь болоод гэр бүлийнх нь анхаарал халамж маш их хэрэгтэй. Тэднийг хайрлаж, халамжилж буйгаа илэрхийлэх тоолонд тэд илүү дуулгавартай, хичээнгүй болохыг та анзаарах болно. Түүнийг үл ойшоох, түүнд худлаа хэлэх хэрэггүй. Учир нь тэр бүгдийг анзаарч байгаа. Тэр төрөлхийн гярхай, ажиглагч. Тиймээс түүнийг гомдоох үг хэлэхгүй байхыг хичээгээрэй. Цаашлаад түүний гаргасан санаа бүрийг дэмжин хүлээн авч байгаагаа илэрхийлдэг, түүнийг сонсдог гэдгээ харуулж, ойлгуулж чадвал тэр өөртөө итгэлтэй, дуулгавартай нэгэн болон төлөвшинө.

Хүчирхэг бяцхан Арслангууд

/VII.23-VIII.23/

Арслангийн ордны хүүхдүүд өөртөө маш их итгэлтэй, маш идэвхтэй нэгэн байдаг. Тэр үргэлж өөрсдийнхөө давуу тал, мэдлэг чадвараа батлан харуулахыг чармайдаг ч харамсалтай нь үргэлж хүссэнээр нь болдоггүй. Морин жил бяцхан арслангуудад асар их эрч хүч, хүсэл мөрөөдөл бэлэглэх болно. Иймээс тэдний зарим нь хоббигоо ч өөрчлөхөд хүрнэ. Илүү шинэлэг бүхэнд тэмүүлэх хүсэл нь бяцхан арслангуудыг улам идэвхтэй, хүчирхэг нэгэн болгохыг та харна. Сониуч зангаасаа болоод хичээл номоосоо өөр зүйл шагайх гээд байх тал ажиглагдаж мэдэх юм. Түүнийг хичээл сурлагаа сайн эзэмшээсэй гэж хүсч байгаа бол түүнтэй аль болох ойр байж, илүү их цаг заваа зориулах хэрэгтэй. Тэдний идэвхтэй, хүчирхэг зан чанарыг ирээдүйд өөрт нь том хөрөнгө оруулалт, сайхан амьдрал болгон хувиргахын тулд түүнийг дэмжиж, юу зөв, юу буруу болохыг эвээр, ухаалгаар ойлгуулах хэрэгтэй. Ингэж чадвал та түүнийг өөрийнх нь хүчээр оргилд хүргэх болно.

Хүчирхэг, хөдөлмөрч бяцхан Охинууд

/VIII.24-IX.23/

Бяцхан охины ордныхон энэ жил илүү идэвхтэй байж ээж нартаа ямар нэг бэрхшээл, асуудал үүсгэхгүй. Тэрээр энэ онд өмнөхөөсөө илүү өөдрөг, эерэг төсөөллөөр амьдралыг харж, гэрэл гэгээд тэмүүлэх болно. Бяцхан охинууд энэ жил маш завгүй, хийх их ажилтай байх болно. Тэрээр олон төрлийн клуб, секцид хамрагдаж, нийгмийн ажлуудад ч оролцох хүсэлтэй байгааг та анзаарна. Түүний төрөлхийн дасан зохицох чадвар нь ямар ч нөхцөлд амжилт дагуулах болно. Харин ээжүүдийн зүгээс бяцхан охинуудад багаас нь бусдыг хүндэтгэх үзлийг сургаж чадах нь чухал юм. Төрөлхийн хөдөлмөрч, ухаалаг, авьяаслаг зан чанарыг нь бусдыг хүндэтгэхтэй хоршуулснаар хамгийн шилдэг залуу үеийн төлөөллийг бий болгох болно.

Жинлүүрийн ордныхонд хайр халамж хамгаас чухал

/IX.23-X.22/

Жинлүүрийн ордод төрсөн хүүхдүүд төрөлхийн бүхнийг тэнцвэржүүлэх, зохицуулах гэж оролддог. Тиймээс ч эцэг эх, гэр бүлийнхнээсээ их хайр халамж, анхаарал шаарддаг. Тиймээс энэ жил тэдний эцэг эх үргэлж түүнд анхаарал тавьж буйгаа илэрхийлж байх хэрэгтэй болно. Ажил дээрээ байхад тань, бүр нийтийн тээврээр зорчиж байхад тань ч тэрээр тан руу залгаж элдвийг шалгаах болно. Ингэх бүрт нь түүнийг зэмлэж буруутгах хэрэггүй. Харин ч түүнд хэчнээн анхаарал халамж тавьдгаа тайлбарлаж, өөрийн тань хувьд тэр хэчнээн чухлыг ойлгуулаарай. Амьдралд зөвхөн түүнд асуудал бэрхшээл тулгамдаад байгаа биш, бусад олон хүн түүний адил олон бэрхшээлийг даван туулах болдог гэдгийг хэлж ойлгуулах хэрэгтэй болно. Тиймээс таны хүүхэд жинлүүрийн ордод төрсөн бол энэ онд түүнд тохиох зарим ойлгомжгүй зүйлсийг даван туулахад нь та л хамгийн сайн туслагч нь байх болно. Заримдаа түүнийг хөнгөхөн шүүмжлээд авахад ч гэмгүй.

Бяцхан хилэнц өөрт нь итгэхийг хүсдэг

/X.23-XI.22/

Энэ онд бяцхан хилэнцүүдэд оддын зүгээс ихээхэн тусламж дэмжлэгээ илгээх болно. Тэрээр энэ онд хүссэн бүхэндээ хүрэх боломж нь бүрдэнэ. Магадгүй удтал авч чадахгүй байсан сургуулийн аварга хэмээх алдрыг ч хүртэж мэдэх юм. Ингэхийн тулд ээж, аавынх нь анхаарал түүнд маш их чухал. Ойр дотныхон нь түүнтэй илүү их цаг хугацааг өнгөрүүлж, хамт байх хэрэгтэй. Түүнтэй хамт ямар нэг зүйл санаачлахад тэр лав дургүйлхэхгүй л болов уу. Таны хүүхэд бол хувь хүн талаасаа ч маш хүчирхэг нэгэн. Тэрээр бие даасан байдлаа хадгалж үлдэх ихээхэн сонирхолтой гэдгийг нь мартаж болохгүй. Түүний хувьд шийдвэр гэдэг чухал зүйл. Тэр танаас өөрт нь итгэхийг, бас өөрийг нь ялалт байгуулахыг тэвчээртэй хүлээхийг хүснэ. Цаашлаад тэрээр найз нөхдийнхөө дунд ч тэвчээртэй зангаараа ялгарна. Ингэснээрээ нөхдийнхөө дунд манлайлагч нь байх болно.

Эелдэг, шударга Нумынхан

/XI.22-XII.21/

Нумын ордны хүүхдүүд үеийнхнээсээ буурь суурьтай байдал, тайван дөлгөөн зан, өөдрөг үзлээрээ ялгардаг. Ингэснээрээ тэрээр бүгдэд өгөөмөр бөгөөд шударга хандаж чаддаг. Гэвч тэрээр бусад хүн өөрийг нь хэрхэн харж байгаа бол гэхээс зүрхшээдэг тал бий. Тиймээс түүнд багаас нь бусад хүний бодол өөрт нь нөлөөлөхөөргүй сэтгэлийн бат цайзыг бий болгож өгөх хэрэгтэй. Учир нь орчин тойрныхон нь түүнийг юу гэж бодох, хэрхэн ярих нь огт хамаагүй харин шударга, үнэнээр яваад ялалт байгуулах нь түүний эрхэм зорилго юм. Түүнийг өөрөөрөө бахархах сэтгэлийг нь өөгшүүлж өгөхөд ээжүүдийн болоод гэр бүлийнхнийх нь хичээл зүтгэл маш чухал гэдгийг та мартаж болохгүй.

Бяцхан Матрууд удаан ч маш ухаантай

/XII.22-I.20/

Таны хүүхэд матрын ордод төрсөн бол энэ онд танаас ихээхэн тэвчээр шаардах нь дээ. Учир нь хүүхэд тань өмнөө тулгарсан асуудлаа шийдэх гэж удаанаар, яаралгүй хөдлөх нь таны тэвчээрийг барж мэдэх юм. Гэхдээ энэ онд бүх зүйл тийм ч муугүй шүү. Таны үрд зарим давуу тал, боломжуудыг ч морин жил олгож байна. Тиймээс та түүнд өөрийгөө хөгжүүлэхэд нь хамгийн сайн туслаж чадах хүн гэдгээ ойлгуулах хэрэгтэй. Түүнд ямар нэг бэрхшээл тохиолдвол даван туулахад нь тусла, найз нөхдийг нь урамшуул. Ингэснээр тэр асуудлыг шийдэх шинэ гарц, хүч чадлыг олж авна. Зарим тохиолдолд түүнийг өөрөө асуудлаа хэрхэн шийдэхийг нь зүгээр л ажигла. Өөрөөр хэлбэл, асуудал болгонд нь оролцож, яаравчлуулах гэж хичээх хэрэггүй. Түүнд багахан хэмжээний эрх дарх олгоод бие даалгаад үз. Хэчнээн удаан ч гэлээ тэд гарах гарцаа олох л болно.

Бумбын ордны хүүхдүүдэд хайр халамж илүү чухал

/I.21-II.19

Энэ онд бяцхан бумбануудад энгийн үеийнхээс илүү анхаарал халамж хэрэгтэй. Түүнтэй илүү ойр байж, асуудлыг нь шийдвэрлэхэд хамтар. Түүнд дэмжлэг болоод найз нөхдийн тусламж маш хэрэгтэй. Түүнийг зөв шийдвэр гаргахад нь зоригжуул, урамшуул. Тэрээр энэ онд зарим зүйлийг хийхдээ ихээхэн эргэлзэж мэдэх юм. Заримдаа бүр юу ч хийхээс татгалзаж болно. Ингэлээ гээд түүнийг бүү зэмлээрэй. Магадгүй тэднийг дуртай газраар нь авч яв. Тэдний олонх нь технологийн салбарт төрөлхийн авьяастай байдаг тул энэ талыг нь өөгшүүлснээр асуудлаа шийдэх боломжийг нь олгож болох юм. Түүнийг юунд дур сонирхолтой байгааг нь ажиглаж, өөрийгөө хөгжүүлэхэд нь дэмжиж өгөөрэй эцэг эхчүүд ээ.

Бяцхан Загаснуудыг шүүмжилж биш урамшуулж өсгөөрэй.

/II.20-III.20/

Загасны ордныхны нийтлэг тал болох нэгэн хэвийн байдалдаа дасан зохицох шинж түүнд бий. Тийм ч учраас тэрээр нэг дассан зүйлээ өөрчлөх дургүй. Тэгвэл энэ онд бяцхан загаснуудад хүчээ дайчлан суралцах цаг хугацаа ирж байна. Түүнд хичээл, даалгавар маш их байх учраас түүнийг заавал гэрийн ажилд ихээр оролцуулах гэж хичээх хэрэггүй. Бас зарим нэг секц, дугуйлангаас нь чөлөөлж түүний ачааллыг багасгахад гэмгүй юм. Ингэвэл тэр танд талархах болно, бас үлдсэн хичээл, номоо ч шударгаар сайн хийх болно. Түүнийг нэгэн хэвийн байдалдаа дуртай, өөрийгөө өөрчлөх дургүй байдлаас нь болж хэзээ ч бүү шүүмжил. Ингэснээрээ түүнд сайныг биш харин саарыг л авчрах болно. Харин түүнийг урамшуулж, дэмжсэнээр өөрийнхөө өмнө шинэхэн ялалт байгуулахад нь туслаарай.





» буцах
Шинэ
Их уншсан
© Зохиогчийн эрхийг хуулийн дагуу Ээж - Хайрын аппликейшн эзэмшинэ. 2015 он