Хөхөөр хооллохын давуу тал

2016-09-02     14262

Ээж бүхэнд бяцхан үрээ хөхүүлэн бүүвэйн дуу аялж суух хамгийн том аз жаргал байдаг. Хүүхэд хөхөө хөхөж байхдаа өөрт хэрэгтэй хоол тэжээлээ авахаас гадна ээжтэйгээ амьд харилцаанд орж тэр хэрээрээ уураг тархи нь хөгжиж байдаг. Тиймдээ ч хүүхдийг хөхөөр хооллох нь чухал ач холбогдолтой гэж дэлхий нийт үздэг

Хөхний сүү нь хүүхдэд шаардлагатай бүх тэжээлийн бодисыг нярайн хоол боловсруулах системийн онцлогт тохирсон найрлагатайгаар агуулж байдаг . Мөн хөхний сүү нь хүүхдийн дархлалын системийг бүрэлдэн тогтох хүртэл нь элдэв өвчнөөс, тэдгээрийн дотор харшлаас хамгаалдаг бодисыг агуулдаг юм. Эдгээр бодисыг хиймэл аргаар нийлэгжүүлэн гаргаж авах боломжгүй тул хүүхдийн сүү орлуулагч тэжээлүүдэд байдаггүй.

Нярайг томрохын хэрээр эхийн сүүний найрлага нь өөрчлөгдөж байдаг. Улмаар хүүхдээ хэрхэн хооллосноос бие, сэтгэц, оюун ухааны хөгжил нь ямар байх нь шалтгаалдаг. Гэхдээ сүү орлуулагч бүтээгдэхүүн хэрэглэх нь оюуны хөгжил муу байна гэсэн үг биш ч сүүний найрлага өөр өөрийн гэсэн онцлогтой. Жишээлэхэд, үнээ ба ямааны сүү нь биеийн жинг нэмэгдүүлэх нөлөөг голлон үзүүлдэг байхад эхийн сүү нь хүүхдийн тархины хөгжлийг хурдасгагч бодис агуулсан байдаг. Иймд эхийн сүү нь нярайн эхний хагас жилд, түүний дотор эхний гурваас дөрвөн сард нэн чухал  үүрэгтэй юм. Энд ангир уураг маш чухал ач. Төрсний дараахи эхний цаг, өдрүүдэд ялгардаг ангир уураг нь амин дэм, фермент, эрдэс бодисуудаар баялаг болохоор хүүхдийн гэдсэнд ашигтай биобактериудын зөв тогтолцоо бий болоход зайлшгүй шаардлагатай юм. Харин энэ нь гэдэсний хэвийн бичил орчин алдагдах болон түүнээс үүдэлтэй эмгэгүүдээс хүүхдийг сэргийлж байдаг.

Эхийнхээ хөхийг хөхснөөр хүүхэд нь хоолныхоо хэрэгцээг хангахаас гадна эхийн хэвлийд байхдаа олж авсан хөхөх рефлексээ хангалан төдийгүй бусад хүмүүстэй харьцах шаардлагаа хэрэгжүүлж байдаг. Өөрөөр хэлбэл нярай хүүхдийн хувьд хөхөөр хооллох нь өлсөх мэдрэмжтэй шууд холбоогүй хэрэгцээ бас ханамж юм. Эхийн хөхөө хөхөх явцад хүүхдийн эрүүний аппарат, ам, хэлний булчин хөгждөг. Энэ нь цаашлаад хэлд орох зэрэгт маш чухал. Хөхөөр хооллосон хүүхдүүдийн бүх эрхтэн, систем түүн дотор мэдрэлийн систем илүү эрчимтэй хөгжин бойжиж байдаг. Ийм хүүхдүүд өөрийн үеийнхнээсээ оюун ухаан ба сэтгэл зүйн хөгжлөөр түрүүлж байдаг.

Хооллох арга

Нэгэн үе нярай хүүхдийг зөвхөн цагаар хооллохыг зөвлөдөг байсан. Гэвч сүүлийн жилүүдэд хатуу дэглэмээр биш, харин хүүхдийг өлссөх тоолонд нь хөхүүлж байхыг хамгийн зохистой гэж үзэх болсон. Хүүхдэд өлсөлт нь эхийн хэвлийд байхдаа амсаж үзээгүй шинэ мэдрэмж юм. Төрөөд удаагаүй Хүүхдийн хоол боловсруулах систем дөнгөж хөгжиж эхэлж байдаг. Хөхүүлэх зай хол байхад хэт ховдоглон агаар залгин, хэт их сүү ууснаар хоол боловсруулахад бэрхшээл үүснэ. Иймд хүүхдийг бага багаар олон удаа хооллох нь хамгийн зөв арга юм.

Угжаар хооллох

Сүү орлуулагч тэжээлээр хооллох нь хөхүүл хүүхдийн гэдсэнд хэвийн бичил орчин бүрэлдэхэд саад болдог. Хүүхдийг угжаар хоолох эсэх нь бас чухал асуудал. Эхийн хөхнөөс ба угжнаас хөхөх арга нь хоёр өөр байдаг. Угж хөхөх үед хүүхдийн хацрын булчин ажилладаг  бол, хөхнөөс хөхөхөд хэлний булчин ажилладаг. Улмаар хацрын булчинг ажиллуулах нь харьцангуй хялбар гэдгийг хүүхэд хурдан ойлгодог. Иймд угжаар хооллосон хүүхэд хөхнөөс их дурамжхан хөхдөг болдог.





» буцах
Шинэ
Их уншсан
© Зохиогчийн эрхийг хуулийн дагуу Ээж - Хайрын аппликейшн эзэмшинэ. 2015 он