Нярай хүүхдийг агаарт гаргах, агаараар хүүхдийг чийрэгжүүлэхийн ач тус

2016-09-02     63184

Ихэнх ээжүүд төрсний дараа хүүхдээ агаарт хэзээнээс эхэлж, хир хугацаатай гаргах талаар мэдэхийг хүсдэг. Ээж, хүүхэд 2 төрөх эмнэлгээс гараад гэртээ эхний 7 хоног дулаахан, тайван байх ёстой. Харин дараагаар нь хүүхдээ аль болох агаарт ойр ойрхон гаргахгүй бол хүүхэд агаарын дутагдалд орох тохиолдол бий. Дөнгөж төрсөн нярай хүүхдийг эхлээд агаарт гаргахдаа өглөө юм уу 11 цагийн наранд агаарт гаргах нь чухал бөгөөд 5,10 минут эхэлж гаргаад дараа нь  цаг агаарын байдлыг харж байгаад хугацааг уртасгана. Нярай үед нь хүүхдийг аль болох нимгэн, зузаан өлгийгөөр өлгийдөж гаргаж байгаарай. Тэгвэл хүүхдэд илүү тухтай, тайван унтах болно. Удахгүй өвөл болж “утааны” улирал ирж байгаа тул хүүхэддээ Д витаминыг өдөр бүр өгч, цэвэр агаарт гаргах нь чухал шүү ээжүү дээ. Мөн хүүхдийг агаараар чийрэгжүүлэх нь хүүхдийн биед маш сайн бөгөөд ханиад томуу хүрэх нь бага байдаг.

Чийрэгжүүлэлтэнд агаарын хүчний нөлөө

Хэрэв агааргүй бол ертөнц дээр амьдрал огт байхгүй бөгөөд хүн агаараар амьсгалж түүгээр тэжээгдэж явдаг билээ. Агаарын чийрэгжүүлэх үйлчлэл нь усны адил эхлээд арьсны судсыг агшааж дараа нь тэлэгдүүлдэг. Гэхдээ агаарын үйлчилгээ нь усыг бодвол зөөлөн бөгөөд уснаас нилээд бага температурт бие хэт даарч хөрөлгүй дасгалждаг сайн талтай. Бага температуртай агаар нь бүх л бие мах бодид үйлчлэхээс гадна тодорхой нэг эрхтэний үйл ажиллагаанд тусгалаа үзүүлдэг.

Агаар нь биед температураар зогсохгүй өөрийн чийглэг байдлаар үйлчилдэг. Чийглэг агаар нь дулааныг сайн дамжуулах учир биеэс их хэмжээний дулааныг авдаг. Салхиар биднийг хүрээлэн байгаа бүлээссэн агаар тасралтгүй зөөвөрлөгдөж хүйтэн агаараар солигдож байдаг учир биеэс их хэмжээний дулааныг алдагдуулдаг. Иймд хүүхдийг агаараар чийрэгжүүлэхдээ зөвхөн термометрын заалтыг удирдлага болгоод зогсохгүй мөн агаар, салхины хурд , чийглэгийг харгалзан үзэх хэрэгтэй.

Хүйтэн, сэрүүн агаарт биеийн тамирын дасгал хөдөлгөөнөөр хичээллүүлж хүүхдийг чийрэгжүүлэх нь онцгой ач холбогдолтой бөгөөд хүүхдэд агаараар чийрэгжүүлэлт хийхэд зүрх судасны талаас үйл ажиллагааны нилээд өөрчлөлтүүд илэрдэг учир хүүхдийн зүрх судасны хэвийн үйл ажиллагааг нас насаар нь мэдэж байх хэрэгтэй. Хүүхдийг агаарт тоглуулж наадуулах, биеийн тамирын дасгал хийлгүүлэх нь тэдний сэтгэлийг сэргээж хөдөлгөөнийг нь түргэтгэж мэдрэлийн системийн үйл ажиллагааг нь идэвхжүүлдэг.

Хүүхдийг агаараар чийрэгжүүлэх нь

Хүүхдийг дулаан байранд түр хугацаагаар нүцгэн байлгаж агаараар чийрэгжүүлж эхэлдэг. Амьдралын эхний өдрөөс хуурайлах бүрд 1-3 минут нярайг нүцгэлэх энэ үеэс агаар хүүхдийн бие махбодид нөлөөлж чийрэгжүүлж эхэлдэг. Цаашид хуурайлахдаа хугацаагаа аажим нэмэгдүүлснээр 10-15 минут нүцгэн байлгаж тарвалзуулна.

Хүүхдийг ойнд хүртэл агаараар чийрэгжүүлэх хугацааг 30 минут хүртэл, 1-ээс дээш насанд өглөөний дасгал 10-11 цагийн хооронд 2-3 хоног тутамд 5 минутаар уртасгасанаар 60 минутад хүргэнэ. Зуны улиралд илүү удаан хугацаагаар нүцгэн байлгаж болно. Агаараар чийрэгжүүлэхдээ байрны дулаан 19-20 хэм, нярайд 20-22 хэм, 2-6 сар хүртэл 19-20 хэм, 6 сараас дээш 1нас хүртэл 18-19 хэм дулаантай байхаар зохицуулна.

Өвлийн улиралд 3-4 долоо хоногтойгоос эхлэн агаарт гаргах нь зүйтэй. Хүүхдийг 1-3 сартайд нь - 10, 4-6 сартайд нь - 12,6. 12 сартайд нь -15 хэмийн хүйтэнд гадаа гарган зугаалуулж болно. Зугаалах хугацааг 10-15-20 минутаар нэмэгдүүлсээр 1-2 цагт хүргэнэ. Хүйтэн сэрүүний улиралд өдөрт 2-3 удаа зугаалах хэрэгтэй. Хүүхдийг салхинд гаргахын өмнө хамрыг цэвэрлэж, хамрын амьсгалыг чөлөөтэй болгох хэрэгтэй. Хүйтэнд гадаа салхилуулах үед нүүрэнд нь хүүхдийн крем буюу вазелиныг нимгэн түрхэж нүүрийг нь ил байлгах чухал. Хүүхдийг агаарт салхилуулахдаа тэврээд буюу тэргэнд удаан хугацаанд хөдөлгөөнгүй байдалд байлгах буруу, аль болох хөдөлгөөнд байлгах нь сайн. Хүүхдээ салхилуулах үед эх нь агаарт явснаар эхийн эрүүл мэндэд нөлөөлж хөхний сүү сайжирдаг. Гадаа зугаалах боломжгүй үед гадаа зугаалах маягаар хувцаслаж, хүүхдийг нээлттэй салхивчны дор байлгана. Хэрэв гадаа их хүйтэн, хүчтэй салхитай байвал салхивчаар орох агаарын урсгалыг багасгах зорилгоор салхивчиндаа хаалт самбай хадах хэрэгтэй.

 





» буцах
Шинэ
Их уншсан
© Зохиогчийн эрхийг хуулийн дагуу Ээж - Хайрын аппликейшн эзэмшинэ. 2015 он