Төрсний дараах таргалалт хэр хугацааны дараа арилах вэ?

2016-09-06     11312

Эмэгтэй хүн бүр харилцан адилгүйгээр төрснийхөө дараа жин хаядаг. Үүнд нөлөөлөх гол зүйл нь жирэмсний хугацаандаа хэчнээн кг жин нэмсэн, төрсний дараа хүүхдээ хөхөөр хооллосон эсэх, мөн дасгал хөдөлгөөн хэр их хийсэн зэрэг багтаж байна. Тэгвэл судлаачид бүсгүй хүн төрсний дараа ямар хугацаанд эргээд хэвэндээ ордог талаарх тооцоо хийжээ. Энэ талаар Хөөрхөн ээжүүддээ сонирхуулъя.

Төрсний дараах 24 цагт жин өөрчлөгдөх үү?

Эмэгтэй хүн дөнгөж төрснийхөө дараа дунджаар 5.4 кг хасдаг байна. Таны хэвлийгээс хүүхэд гарч, мөн тодорхой хэмжээний цус алдана, ургийн ус ч гарна. Төрсний дараах 24 цагийн туршид таны бие мах бод биеэс жирэмсний явцад тээгдсэн зүйлсийг хөөж гаргах ажлаа эхэлдэг байна.

Төрсний дараах нэг долоо хоногт

Төрсний дараах нэг долоо хоногт таны биеэс маш их хэмжээний шингэн гадагшилна. Хөлс их ялгарахын хажуугаар шээс ч дутахааргүй их гардаг байна. Гэвч ингэлээ гээд ганц долоо хоногийн дотор жингээ хасчихна гэвэл түүн шиг худлаа зүйл байхгүй. Тиймээс өөрийгөө ажиглаж, хувцас хунар тань багадах нь уу, томдох нь уу гэдгээр баримжаа авахыг хичээгээрэй.

Хүүхдээ хөхүүлэх нь жин хасахад ихээхэн нөлөөтэй. Эмэгтэйчүүд хөхүүл үедээ энгийн үеийнхээс ердөө л 500 ккал-аар илүү хүнс тэжээл хэрэглэх нь зохимжтой аж. Энэ хугацаанд хөхөөр хооллож буй эх биеэсээ илүү их хэмжээний жинг хаяж байдаг байна. Учир нь хөхөөр хооллох нь маш их хэмжээний ккал-ыг шатааж байдаг юм байна. Гэвч эмэгтэй хүн бүрийн биеийн онцлог өөр өөр учраас зарим нь хэчнээн хөхөөр хооллоод ч турахгүй байх нь бий.

Төрсний дараах хоёр долоо хоногт

Төрснөөс хойш хоёр долоо хоног өнгөрсөн ч эмэгтэйчүүд хангалттай хэмжээний жин хасч чаддаггүй. Хэдийгээр түүний биеэс даавар, ус гадагшилж, хүүхдээ хөхөөр хооллож байгаа ч энэ нь хангалттай хэмжээний жин хаяхад бага хугацаа юм. Тиймээс энэ хооронд өөрийгөө элдвээр хүчилж, хоол ундаа багасгах нь тохиромжгүй юм. Яагаад гэвэл бие мах бод тань таны хүссэн шиг үр дүнг үзүүлэхэд хэтэрхий ядруу хэвээр байгаа. Есөн сарын турш их ачаалалтай ажилласан бие тань одоо амарч, дараагийн эрч хүчээ олж авахаар ажиллаж байна. Ямартаа ч энэ хооронд таны бэлхүүс 28 мм-ээр багассан байх боломжтой.

Төрсний дараах нэг сард

Энэ бол таатай мэдээ сонсох цаг шүү. Энэ үед шинэхэн ээжүүд ихэнхдээ ес орчим кг хассан байх ёстой. Ихэнх эмэгтэй жирэмсний хугацаанд 10-12 кг нэмдэг бөгөөд төрснөөс хойш нэг сарын дараа энэхүү нэмэгдлийн ихэнх нь арилах боломжтой гэсэн үг.

Төрсний дараах хоёр сард

Энэ хугацаанд таны умай эргээд хэвийн байдалдаа шилжиж байна. Ингэснээр таны гэдэс эргээд хэвийн буюу жижигхэн харагдана. Тэгэхээр энэ бол гэдэс агших хамгийн боломжийн хугацаа юм.

Төрсний дараах хэдэн сард

Хэрэв та жирэмсний хугацаандаа ч эрүүл зөв хооллолтоор дагнаж байсан, түүнийгээ ч төрснийхөө дараа хэрэгжүүлж байгаа бол төрснөөс хойшхи хэдэн сарын дараа хэвийн жиндээ орсон байх болно. Илүү хурдан хугацаанд эргээд хэвийн жиндээ оръё гэвэл та жаахан хичээл зүтгэл гаргаад дасгал хөдөлгөөн, зөв хооллолтыг хослуулаарай.

Төрснөөс хойш есөн сарын дараа

Энэ бол жирэмсэлж, төрөхөөс өмнөх таны дүр төрх эргэн ирэх цаг. Та төрснийхөө дараа ч ислэг ихтэй, уураглаг хүнс хэрэглэж, илүү их хэмжээний ус ууж, хүнсний ногоо болон эрүүл жимс хэрэглэж, чихэр, талхнаас татгалзаж чадсан бол шүү дээ.

Түүнээс биш жирэмсэн байхдаа ч, төрснийхөө дараа ч эрүүл бус хооллолт, нарийн боов, гурилан бүтээгдэхүүн, чихэр, шоколаданд нугасгүй хэвээр байвал жингээ хасах найдвар улам бүдгэрнэ. Харин ч нэмээд нэлээд хэдэн кг наах боломжийг бий болгоно.





» буцах
Шинэ
Их уншсан
© Зохиогчийн эрхийг хуулийн дагуу Ээж - Хайрын аппликейшн эзэмшинэ. 2015 он