Нярайн хүйг хэрхэн арчлах вэ?

2016-09-08     53168

Ураг эхийн хэвлийд байхдаа ураг орчмын шингэн дотор хөвж байдаг. Ураг орчмын шингэн дотор байх хугацаандаа ураг хүчилтөрөгчөөр амьсгалах, нүүрс хүчлээ гадагшлуулах, өөрт хэрэгцээтэй хоол хүнсээ дамжуулан авах гэсэн үйлдлүүдийг хүйн холбоосоор дамжуулан гүйцэтгэдэг. Хүүхэд энэ хорвоод төрмөгцөө өөрөө амьсгалж эхлэхээр хүйн холбоосын үүрэг дуусгавар болох учраас эмч, сувилагч нар хүүхдийг эх барьж авмагцаа хүүхдийн хүйг тусгай хавчаараар хавчин хайчилдаг ёстой. Ингэснээр хүүхэд эхээсээ тусдаа бие даасан хүн болно гэсэн үг.

Хүйн холбоосонд ямар нэгэн мэдрэлийн эд эс байдаггүй учраас хүйг хайчилж, хавчихад хүүхэд ямар нэгэн өвдөлт мэдэрдэггүй. Хүйг хавчиж, хайчилснаар хүүхдийг цус алдах эрсдлээс хамгаалдаг учиртай. Хүйн холбоосыг хүүхдийн биеэс ойролцоогоор 2-2.5 cм зайд хавчиж хайчлаад ариутгалын шингэн дусааж ариутгана. Үүнээс хойш хүйг өөрөө унах хүртэл нь цэвэрхэн, хуурай байлгах ёстой.

Өдөр өдрөөр хүй хатаж, цэлцэгнэсэн, нойтон, наалдамтгай байхаа больж хуурай хатуу, хүрэн бор өнгөтэй болно. Хүй хүүхэд төрсний дараа 1-3 долоо хоногийн дотор өөрөө унадаг.

Хүйг өөрөө унатал нь анхаарах зүйлс. Хүйнд бохир оруулалгүй цэвэр байлгана: Нойтон, хатаагүй хүй нь дөнгөж төрсөн хүүхдийн хувьд халдвар авах хамгийн их эрсдэлтэй хэсэг мөн. Өдөрт дундажаар 1 удаа, ер нь бол хүүхдийг хуурайлах бүрдээ хүйнд нь болгоомжтой хүрч, хэвийн байдлыг шалган, зөв арчлах хэрэгтэй. Хамгийн гол нь хүйг хуурай байлгах ёстой : Хүүхдийн хүй агаар оруулсан нөхцөлд өөрөө хатдаг. Эхчүүдийн хамгийн их эргэлздэг асуудал бол хүүхдийн хүйг унах хүртэл хүүхдийг усанд оруулж болох талаар байдаг. Энэ талаар мэргэжилтнүүд өөр өөр байр суурьтай байдаг ч хүй унах хүртэлх 2-3 долоо хоног үргэлжлэх учраас энэ хугацаанд хүүхдийг угаахгүй, усанд оруулахгүй байх нь халдвар авах эрсдлийг дагуулна гэсэн үг. Иймээс хүүхдийн хүйг унах хүртэл нь норгож, хүүхдийг усанд умбуулалгүйгээр аль болох бага усаар ариун цэврийг сахиулан угаах нь зүйтэй юм. Усанд орсны дараа хүүхдийн хүйг цэвэрхэн даавуугаар хуурайлж  норсон хэсгийн усыг даавуунд шингээж авна. Шаардлагатай тохиолдолд ус хатаагч сэнсийг хамгийн бага дээр нь үлээлгэж хатаах боломжтой.

Хүүхдийн хүйг хөндөхгүй живх хэрэглэж, мөн ойр ойрхон живхийг соливол хүүхдийн хүйг норгохоос урьдчилан сэргийлэх болно. Хүйг нь хөндөхгүй зориулалтын живх хэрэглэдэггүй бол живхнийхээ урьд хэсгийг хүйнд хүргэхээргүй болгож гадагш нь нугалж өгвөл сайн. Хүйг өөрөө унах хүртэл нь хүлээ, бүү оролд : Хүүхдийн хүй цаг нь болохоор өөрөө мултраад унана. Яг унах үед нь бага зэргийн цус гарч мэднэ. Харин олон өдөр цус шүүрэх юмуу цус гарах тохиолдолд мэргэжлийн хүүхдийн эмчид заавал хандаарай. Хүүхдийн хүй хэтэрхий эрт унавал халдвар авах, цус алдах эрсдэлтэй. Мөн 1 сарын хугацаа өнгөрсөн ч хүй унахгүй байх нь нэгэн төрлийн гаж үзэгдэл юм. Хүй нь унаагүй хүүхдийг усанд оруулахдаа

Нярай хүүхдийг өдөр бүр усанд оруулах нь түүний өсөлт бойжилт, торнилтонд чухал нөлөөтэй байдаг. Гэхдээ эхний саруудад 7 хоногт 2-3 удаа усанд оруулахад хангалттай байдаг. Ялангуяа хүүхдийн нүүр, хуйх, хүй, гар болон бөгсөн хэсгийг сайтар арчилж байх хэрэгтэй. Хүүхдийн хүйг унахаас нь өмнө аль болох хүйн хэсгийг усанд норголгүй, ус хүргэлгүй тойруулан угаах хэрэгтэй. Харин хүй унасны дараа хүүхдийг ваннтай усанд хэвтүүлэн биеийг далдлах хэмжээний усанд угааж байх хэрэгтэй. Хүүхдийг усанд оруулахдаа эхлээд цээжин хэсгийг нь хүүхдийн савангаар угааж, усаар сайтар зайлсны дараа толгойг нь бага зэрэг хойш гэдийлгэж байгаад үс, хуйх хэсгийг нь шампунаар угааж цэвэр усаар зайлна. Дараа нь нүүрийг нь сайтар угааж өгнө. Хүйн хэсэг чийг авсан бол цэвэр хөвөнгөөр хаттал нь арчаад, ариутгалын бодисоор цэвэрлэнэ.

Хүүхдийн хүй эрт унавал.Зарим тохиолдолд хүүхдийн хүй хатаж амжаагүй байтал унахаар хүүхдийн хүйн хэсэг ягаан өнгөтэй, зөөлөн бөөрөнхий хэсэг ил гарч эхэлнэ. Хүй нь унасны дараа хүйнээс шаравтар өнгийн өтгөн зүйл ялгарч байвал, Хүүхдийн хувцас байнга энэ ялгадсанд норж байвал та хүүхдээ мэргэжлийн эмчид үзүүлээрэй.

Доорх шинж тэмдэгүүд илэрвэл заавал хүүхдийн эмчид хандаарай!

  • Хүүхдийн хүйнээс цус гарах,
  • Хүүхдийн хүйний эргэн тойрон улайж хавдсан бол,
  • Хүүхдийн хүйнээс шар ногоон идээ гарч, эвгүй үнэртэж байвал   

Таны хөөрхөн алаг үрд эрүүл энхийг хүсье.





» буцах
Шинэ
Их уншсан
© Зохиогчийн эрхийг хуулийн дагуу Ээж - Хайрын аппликейшн эзэмшинэ. 2015 он