Эцэг эхчүүдэд зориулсан бяцхан зөвлөмж

2016-09-09     10455

Хөөрхөн үр нь амьдралынхаа нярайн аль үед нь явж байна вэ? Шинэхэн ээж аавуудад мэдвэл зохистой бяцхан зөвлөгөөг хүргэе.

Нярай үе- Төрсний дараах амьдралын эхний 28 хоногийг хэлнэ. Нярай үеийг эрт ба хожуу нярай үе гэж хуваан үздэг.

Эрт нярай үе – Төрсний дараах эхний 7 хоногийг хэлнэ.

Хожуу нярай үе – Амьдралын 8 хоногоос 28 хоногийг дуустал үргэлжилнэ.

Нярайн дасан зохицолт

Нярай эхээс мэндэлмэгц агаарын даралт, орчны температур, дуу чимээ, хүрэлцэхүй, нянгийн зэрэг огт өөр гадаад орчинд ордог. Энэ гадаад орчинд дасан зохицохын тул нярай хүүхдийн бие махбодод  тодорхой хугацаанд гарч байгаа өөрчлөлтүүдийг нярайн дасан зохицолт буюу нярайн эрүүл эмгэгийн зааг байдал гэж нэрлэдэг.Энэ өөрчлөлтүүд нь нярайг зөв асарч сувилбал хэсэг хугацааны дараа арилдаг. Гадаад орчны таагүй нөхцөл, жирэмслэлтийн явц, төрөлтийн хүндрэл, асаргааны доголдлоос энэ нь эмгэг байдалд шилжин өвчин үүсэхэд хүргэж болно.

Физиологийн жин бууралт. Төрсний дараа нярайн биеийн жин 6% орчим буурч 3-4 хоногийн дараагаас аажмаар нэмэгдэн ихэнх нярайд 7-8 хоногтойд жингээ нөхөн төрсөн жиндээ хүрнэ.Зарим нярай төрсөн жингээ 10 хоногтойд нөхнө. Нярайг эрт /төрөөд 1 цагийн дотор/ амлуулах, хүссэн үед нь аль болох удаан хөхүүлэх нь жингийн алдагдлыг бууруулна.

Төрлөгийн  хавдар. Төрөлтийн үйл явцаас шалтгаалан нярай хүүхдийн толгойд хавдар үүсч хавагнах ба 3-4 долоо хоногт шимэгддэг. Энэ үед хүүхдийн байрлалыг ээлжлэн өөрчилж хэвтүүлж байгаарай.

Арьсны гуужилт. Төрсний дараах хэд хоногт арьс гууждаг. Гуужилт их бол  зориулалтын биеийн тосоор тослоорой.Нярай хүүхдэд арьс арчилгааны бүтээгдэхүүнийг сонгохдоо байгалийн цэвэр бүтээгдэхүүн орсо, арьсанд ямар нэг харшил өгөхгүй сайн тосыг хэрэглэх нь зүйтэй.

Хордлогот улайлт. Нярайн биеэр улаан, голдоо цагаан толгойтой тууралтууд гардаг.Энэ нь эхийн сүү болон бусад бодисоор дамжин орсон уурагт өгч буй харшлын илрэл юм.. Төрсөн эх харшил өгч болох хүнсний бүтээгдхүүн хэрэглэхгүй байвал онцгой эмчилгээ шаардагдахгүй. Үүнд: өндөг, шоколад, консервлэсэн бүтээгдхүүн, жүрж, нимбэг хэрэглэхгүй байвал зохино.

Физиологийн шарлалт. Төрсний дараах 2-3 хоногт арьс салст шарлаж эхлэн 3-4 хоногт илүү тодордог.Энэ үед хүүхдийн биед зовуургүй, хөх нойронд сайн, гарын алга ,хөлийн ул шарладаггүй, баас шээсний өнгө өөрчлөлтгүй байдаг. Нярайг эрт амлуулах, хөхөөр сайн , хүссэн үед нь хооллох нь шарлалтыг  бууруулна. Физиологийн шарлалт  7-10 хоног үргэлжилнэ.

 





» буцах
Шинэ
Их уншсан
© Зохиогчийн эрхийг хуулийн дагуу Ээж - Хайрын аппликейшн эзэмшинэ. 2015 он