Нярай хүүхдийн хамар битүүрэх

2016-09-12     21457

Хөөрхөн ээжүүддээ налгар намрын шинэхэн долоо хоногийн мэндийг хүргэе. Хөөрхөн үрийнх нь хамар битүүрээд унтахад нь, хөхөө хөхөхөд нь саад учруулаад байна уу. Бид ихэвчлэн өдөр бүр хүүхдийнхээ нүдийг цэвэрлэх, хамрыг нь цэвэрлэх хэрэгтэй болдог. Хонгор үрийнхээ хамрыг яаж цэвэрлэхийг мэдэхгүй байгаа шинэхэн ээжүүддээ дараах зөвлөгөөг хүргэе.

Дархлааны систем нь бүрэн тогтож амжаагүй нярай хүүхдийн хувьд аливаа өвчин амархан халдварлах, зарим төрлийн харшил идэвхжих, төрөлхийн харшилтай байх, хэтэрхий хуурай уур амьсгал зэрэг нь хамар битүүрэх гол шалтгаан болдог байна.

Ийм тохиолдолд хүүхдийн хамрыг хамаагүй ухаж, оролдох нь буруу юм. Учир нь хүүхдэд энэ байдал маш хүндрэлтэй байдаг. Хүүхэд амаараа амьсгалж мэддэггүй, өөрөө үүнийгээ зохицуулж чаддаггүй болохоор хамар нь битүүрсэн үед хүүхэд их тавгүйтнэ.

Хүүхдийн хамар битүүрэхийн хор уршиг

Хамар нь битүү хүүхэд хөхөө сайн хөхөж чаддаггүй. Мэдээж хамар нь битүү учраас хөхөө хөхөж, бас хажуугаар амьсгалах гэж хүүхэд нэлээн зовно гэсэн үг. Амьсгалахгүйгээр байж чадахгүй нь учраас хөхөө хөхөхөө болиод амаараа амьсгалахаас өөр сонголт түүнд байхгүй.

Хамар нь битүү хүүхэд шөнө дунд тайван унтаж ч чадахгүй, ойр ойрхон сэрнэ. Ингээд хөхөө сайн хөхөж чадахгүй, нойроо бүтэн авч чадахгүй байгаа хүүхдийн хөгжил нь доголдож эхэлнэ гэсэн үг. Нөгөөтэйгүүр өдөржин тавгүй байсан хүүхэд орчин тойрноо ч анзаарахаа больж эхэлнэ. Энэ нь түүний оюун ухаан, сэтгэл санааны хөгжилд сөргөөр нөлөөлнө гэсэн үг юм.

Амаараа амьсгална гэдэг нь хүйтэн, бохир, хуурай агаарыг амаараа хүүхэд шууд залгихыг хэлнэ. Хамар битүүрэлт нь хүүхдэд амьсгалын замын халдварт өвчнөөр олон дахин өвчлөх үүд хаалгыг нээж өгнө. Цаашлаад энэ асуудал нь хүүхдэд дунд чихний үрэвсэл, амьсгалын доод замын халдварт өвчин, толгой өвдөх өвчний эрсдлийг нэмэгдүүлж, өсөлт хөгжилд нь сөргөөр нөлөөлдөг.

Хамар нь битүүрсэн хүүхэд дээр ямар арга хэмжээ авах вэ?

Хүүхдийн хамар битүүрсэн үед аль болох хор нөлөө, химийн агууламж багатай, тухайлбал бага зэргийн содтой эсвэл давстай буцалсан усаар хамрыг нь цэвэрлэх хэрэгтэй. Ер нь дэлхий нийтэд 0-2 насны хүүхдэд химийн агууламж өндөртэй хамар битүүрсэн үед хэрэглэдэг дусал, дусаагуур хэлбэрийн эмийг хэрэглэхийг хориглодог.

Хүүхдийн хамарт содтой эсвэл давстай буцалсан ус дусааж, дараа нь бөглөрсөн нус, хатсан нусыг зориулалтын нярай хүүхдийн хамар цэвэрлэдэг соруулаар соруулж авах хэрэгтэй. Харин уг соруулыг хэтэрхий олон дахин, чанга соруулж хэрэглэхэд хүүхдийн хамрын салст, самсай үрэвсэх, гэмтэх аюултай учир аль болох эвтэйхэн, хамрыг бөглөсөн, дотор нь хатсан нус зөөлөрсөн, гарахад бэлэн болсон үед хэрэглэх нь зүйтэй.

Ихэнх хүүхэд хамраа цэвэрлүүлэх маш дургүй байдаг. Энэ дургүйцэл нь чөлөөтэй амьсгалж чадахгүй байгаагаас үүдэлтэй бухимдал юм . Иймээс хүүхдийн хамарт буцалсан ус дусаах үедээ бусдын тусламжийг хүсэх нь таны ажлыг хөнгөвчлөх болно. Нэг нь хүүхдийн толгойг бага зэрэг хойш гэдгэр байрлалд барьж байхад, нөгөө нь хамарт ус дусааж болно .

Хүүхдийн унтдаг өрөө аль болох агааржуулалт сайтай байх хэрэгтэй. Өрөөний чийглэг агаар 50 хувьтай байхад хүүхдийг хамар тэр бүр битүүрээд байхгүй.

Хүүхдийн унтдаг орчинг аль болох өд, тоос гэх мэтийн зүйлсээс ангид байлгах хэрэгтэй. Ялангуяа шувууны өдөөр хийсэн дэр, зөөлөн тоглоом, үслэг эдээр хийсэн бэлэг дурсгалын зүйлсийг хүүхдээсээ хол байлгах хэрэгтэй.

Таны хөөрхөн алаг үрд эрүүл энхийг хүсье.

 





» буцах
Шинэ
Их уншсан
© Зохиогчийн эрхийг хуулийн дагуу Ээж - Хайрын аппликейшн эзэмшинэ. 2015 он