Ихрүүд ээжээсээ ямар шим тэжээл авдаг вэ?

2016-09-13     19976

Ихэр жирэмсэн ээжүүд минь жирэмсний 9 сарыг эрүүл саруул өнгөрүүлэхийн тулд та хооллолтондоо чухалчлан анхаарах хэрэгтэй. Ихэр жирэмсэн эхчүүдийн хувьд хооллолттой холбоотой 4 төрлийн хоол хүнс хамгийн ихээр дутагддаг болохыг мэргэжлийн эмч нар ийнхүү тайлбарлаж байна.

Ихэр жирэмсэн эхчүүдйн хувьд жирийн жирэмсэн эхчүүдтэй хооллолтын ерөнхий горим нь ижил бөгөөд гол анхаарах зүйл нь хэм хэмжээн дээрээ байдаг байна. Эхийн хувьд зарим төрлийн хоол хүнс ихээр дутагдаж, мөн зарим төрлийн эрдэс бодисын дутагдалд ордог байна. Тэр дундаа ихэр жирэмсэн эхэд хамгийн ихээр төмөр дутагддаг. Түүний дараа кальци, омега хүчил, уургийн дутагдлууд орно. Түүнчлэн ихэр жирэмсэн эмэгтэйн хувьд өтгөн хаталт илүү хүчтэй явагддаг болохоор ус ихээр уух шаардлагатай байдаг.

Төмрийн дутагдлаа нөхөөд C аминдэмээр бэхжүүлээрэй.

Ихэр жирэмсэн эхэд хамгийн их дутагддаг эрдэс бодис бол төмөр юм. Гаднаас нэмэлтээр төмрийн бэлдмэл ууж болохын зэрэгцээ хоол хүнсээрээ дамжуулан төмрийн дутагдлаа нөхөх боломжтой. Төмөр хамгийн ихээр агуулдаг хоол хүнсэнд дараах зүйлс орно:

• Төмрөөр хамгийн баялаг хүнсэнд өндөг, мах, ногоон навчтай бүх төрлийн хүнсний ногоонууд, хатаасан шош, самар ордог учир хоол хүнсэндээ эдгээрийг өргөн хэрэглэх нь зүйтэй.

•Төмрөөр баялаг хоол хүнсийг хэрэглэхийн зэрэгцээ төмрийн шимэгдлийг дэмжигч С аминдэм агуулдаг хоол хүнсийг хажууд нь өргөн хэрэглэх ёстой.

• Төмрийн шимэгдэлд саад учруулдаг цай, кофег хэрэглэхээс зайлсхийх хэрэгтэй.

• Төмрийн бэлдмэлийг нэмэлтээр уух хэмжээг мэргэжлийн эмч тогтоож зөвлөх ёстой. Нэг хүүхэд тээж буй жирэмсний хувьд төмрийн хэрэгцээ ойролцоогоор 30 mg байхад, ихэр жирэмслэлтийн явцад 60 mg хүртэл байдаг.

Кальци багадах нь яваандаа эхэд сөрөг нөлөөтэй

Ихэр жирэмслэлтийн үед хамгийн ихээр дутагддаг өөр нэгэн эрдэс бодис бол кальци юм. Ялангуяа жирэмсний 28 дахь долоо хоногоос хойш кальцийн хэрэгцээ огцом ихээр нэмэгддэг. Хэрвээ жирэмсэн эх хангалттай хэмжээгээр кальциа нөхөхгүй бол цусан дахь кальцийн хэмжээ буурах аюултай. Энэ нь улмаар эхийн ясыг кальцийн дутагдалд оруулж гэмтээх эрсдэлтэй.

• Жирэмсний үеийн кальцийн хэрэгцээ ойролцоогоор 1000 мг байдаг, гэвч ихэр жирэмслэлтийн үед болон 2 жилийн дотор дахин жирэмсэлсэн эмэгтэйчүүдийн хувьд 1200 мг хүртэл байна.

• Ийм үед кальциар баялаг сүү, тараг, бяслаг, самар, ногоон навчит хүнсний ногоог элбэг хэрэглэх нь зүйтэй.

• Өдөрт 2 аяга сүү, 2 аяга тараг, 50 грамм бяслаг хэрэглэх шаардлагатай.

• Хэрвээ өдөр тутамд ийм хэмжээний сүү, цагаан идээ хэрэглэж чаддаггүй бол эмчийн заавраар нэмэлт аминдэмүүдийг хэрэглэх нь зүйтэй.

Омега тосны хүчил нь тархи, зүрх, нүдэнд маш сайн

Жирэмсний 3 дахь хэсэгт буюу сүүлийн 3 сард хамгийн чухал хэрэгцээг омега-3 хүчлүүд байдаг. Ялангуяа тархи, зүрх, нүдний эрүүл мэнд, хөгжилд чухал нөлөө үзүүлдэг энэ тосны эх үүсвэр нь загас байдаг.

• Том загаснууд их хэмжээний мөнгөн ус агуулдаг учраас аль болох жижигхэн талдаа загас сонгож хэрэглэх нь зүйтэй. Жирэмсний сүүлчийн 3 сард 7 хоногт 2 өдөр загастай хоол хийж хэвшвэл өөрт хэрэгцээтэй омеганы хэмжээг авч чадах болно.

• Тахианы өндөг ч мөн эрүүл Омега-3 –ын эх үүсвэр байж чадна.

• Загаснаас гадна бүйлс, хушга, ногоон навчтай ногоонууд омега-3 агуулдаг.

• Загас иддэггүй бол омега – 3 бэлдмэлийг хэрэглэж болно.

Нэг хүүхдийн уургийн хэрэгцээ 60 грамм, ихэр хүүхдийнх 90-120 грамм

Нэг хүүхэд тээж буй эхийн өдөр тутмын уургийн хэрэгцээ нь 60 гр байдаг байхад ихэр хүүхдийн хэрэгцээ 90-120 грамм хүртэл байдаг. Ялангуяа жирэмсний 6 сараас хойш ургийн уургийн хэрэгцээ эрс нэмэгдэж эхэлдэг. Энэ нь илүү их мах, загас, өндөг, сүү, тараг хэрэглэх хэрэгтэй гэсэн үг юм.

Ус бага хэрэглэх нь хүүхэд хугацаанаасаа өмнө төрөх шалтгаан болдог

Жирэмсний үед хамгийн ихээр илэрдэг зовиурын нэг нь өтгөн хаталт байдаг. “Ялангуяа сүүлийн саруудад өтгөн хаталт улам их газар авдаг. Иймээс өдөр тутмын хүнсний хэрэглээндээ жимс, ногоог өргөнөөр хэрэглэх нь илүү зохистой. Кальци болон фолийн хүчлээр баялаг ногоон навчит ногоонуудыг өдөр тутмын хоол хүнсэндээ тогтмол хэрэглэж байх шаардлагатай. Өдөр 5-6 ширхэг улирлын чанартай шинэхэн жимс идэж байх. Жирэмсний сүүлийн саруудад шингэн зүйл, ус сайн уух хэрэгтэй. Ингэвэл та өтгөн хаталтаас урьдчилан сэргийлэхийн зэрэгцээ төрсний дараа уураг ялгаралт илүү сайн байх болно. Ялангуяа ихэр жирмслэлтийн үед яг энэ үед эхийн хэвлий дэх усны хэмжээ маш чухал үүрэгтэй байдаг. Жирэмсний эхний саруудад жирэмсэн эхийн хувьд өдөрт 2 литр ус уухад хангалттай байдаг байсан бол жирэмсний сүүлийн саруудад ихэр жирэмсэн эхийн хувьд энэ нь хангалттай хэмжээ биш юм. Иймээс ихэр хүүхэд тээж буй жирэмсэн эх жирэмсний сүүлийн саруудад өдөрт 3 литр ус уух хэрэгтэй. Шингэн зүйл хангалтгүй, бага хэрэглэх нь хүүхэд хугацаанаасаа өмнө төрөх шалтгаан болдог гэдгийг мартаж болохгүй. Халууны улиралд бол энэ хэмжээг нэмэгдүүлэх шаардлагатай юм.

Ихэр хүүхэд тээж буй хэмээн хэт их идэх хэрэггүй

• Ихэр жирэмсэн эхийн хувьд хамгийн чухал нь жингээ тохирох хэмжээнд нь барих явдал байдаг.

• Хамгийн чухал хэсэг нь эхийн жирэмлэх үеийн биеийн жин.

• Хэрвээ эх жирэмслэхдээ жин багатай байсан бол дундажаар 18–23 кг жин нэмэх нь хэвийн үзэгдэл юм. Ялангуяа ургийн хөгжил эрчимтэй явагдаж, хэрэгцээ нь ихэсдэг жирэмсний 4 сараас эхлээд 7 хоногт 800 гр жин нэмэх хэрэгтэй.

• Эх маань хэвийн жинтэй байхдаа жирэмсэлсэн бол нийтдээ 16–20 кг жин нэмэхэд хангалттай. Мөн 4 сартайгаасаа эхлээд өдөрт хамгийн ихдээ 600 гр жин нэмэх ёстой.

• Эх, жирэмслэх үедээ хэвийн жинтэй байсан бол нэг хүүхэд тээхэд дундажаар 2000–2200 калори авах ёстой байдаг бол ихэр жирэмсэн эхийн хувьд 2300–2700 калори хүртэл байдаг.





» буцах
Шинэ
Их уншсан
© Зохиогчийн эрхийг хуулийн дагуу Ээж - Хайрын аппликейшн эзэмшинэ. 2015 он