Хүүхдийн чих өвдөх шалтгаан

2016-09-13     49597

Нярайгаас тав хүртэлх насны хүүхдэд чих өвдөх, чихнээс булаг гарах эмгэг олонтаа тохиолдоно. Ялангуяа хүүхдийн хамар битүүрэх үед чих өвдөх нь элбэг учраас хүүхдийн хамрыг ямагт цэвэр байлгах ёстой.Чих нь өвдсөн хүүхэд хөхөндөө муудаж чанга уйлж, халуурдаг. харин хэнгэргэн хальс цоорвол өвдөлт намжиж булаг гоожно. Хүүхдийн чихний өвчний үед элдэв зүйл дусаалгүй эмчид үзүүлж эмчийн заасан эмчилгээг зөв, гүйцэд  хийвэл чихний өвчин бүрэн эдгэрнэ

 Илрэх шинж: Голдуу онцын зовиургүй гэнэт чихнээс шүүс, идээ гарч эхэлнэ. Нярай хөхүүл хүүхдийн чих өвдөх үед хүүхэд тайван биш болно, Шөнө уйлна, толгойгоо хоёр тийшээ хөдөлгөж, хүзүүгээ шөргөөх аядана. Гэнэт уйлна. Гараа сарвагануулж чихэндээ хүрнэ. Хөхөө хөхөхдөө уйлна. Энэ нь сүүгээ сорох залгих үед дунд чихний хөндийн даралт ихэсдэг учир өвддөгтэй холбоотой. Хүүхдийн хамар битүүрнэ. Халуурна, өтгөн шингэрнэ, Чихний арын овгор орчим хүрэхэд уйлна.

Авах арга хэмжээ: Эмчид үзүүлэх хүртэл хүүхдээ тайван байлгана. Өндөр халуурах үед хүүхдэд зориулсан өвчин намдаах, халуун бууруулах лаа эм хэрэглэж болно. Хамрыг нь сайн цэвэрлэнэ. Шүүс, ус, идээт булингар гарч буй талаар нь хэвтүүлнэ. Өлгийтэй хүүхдийг өлгийдэж шүүс гарч байгаа талаар нь үл ялих хазайлгаж хэвтүүлнэ. Нэн яаралтай мэргэжлийн эмчид үзүүлнэ. Эмчийн зөвлөгөөний дагуу хүүхдээ сувилж эмчилнэ. Эмчийн зааваргүй жин тавьж, дусаалга дусааж болохгүй.

Урьдчилан сэргийлэх арга: Хүүхдийг хөхүүлэхдээ хөхөөрөө хамрыг нь таглаж болохгүй. Хэвтэж байгаад хөхүүлж болохгүй. Хөхүүлэх үед хүүхэд хамраараа чөлөөтэй амьсгал авч байх ёстой. Ханиад томуу  хүрсэн үед хамрыг нь сайн цэвэрлэж бүрэн эмчлэх. Эрүүл цэвэр агаарт гарч байх. Хэт халууцуулж, хэт даарууллж болохгүй.





» буцах
Шинэ
Их уншсан
© Зохиогчийн эрхийг хуулийн дагуу Ээж - Хайрын аппликейшн эзэмшинэ. 2015 он