Амаржсан эхийн ядаргааг тайлах ясны шөл

2016-09-14     44767

Амаржсан эх  маш ихээр ядарч сульдаж бие нь нялхардаг. Төрсний дараах  гүн ядаргааг тайлах шинэ махны шөлийг монголчууд бид уламжлал болгон бэлтгэдэг.  Үүний нэг нь үхрийн ясны шөл. Тэр дундаа үхрийн булууны ясны, тойгны ясны шөл бол хамгийн шилдэг нь. Төрсний дараах гүн ядаргааг тайлахын тулд доорх жороор бэлтгэж аваад 1 сарын турш өдөр тутам хоолондоо хэрэглэнэ. Ялангуяа идэр залуу насны үхрийн чөмөг, булуу, тойгны ясаар хийвэл хамгийн сайн, шим тэжээлтэй байдаг. Энэ ясны шөл хий ядаргааг тайлж, тамир тэнхээ оруулахаас гадна, үе мөч хууч өвчнийг анагааж, ханиад томуу дарах эрч хүчээр сэлбэх увдистай.  

  1. Сонгож авсан ясыг чанахад тохируулан тайрч бэлтгэж болно. Хэрвээ ядаргааны ясны шөл гаргаж авмаар байвал ясыг сайтар шулаарай. Хэт их махтай нь шулалгүй чанавал ясны чөмөгний жинхэнэ эрдэс бодис махны чанарт дарагддаг байна. 
  2. Ясыг ахиухан хүйтэн усанд хийж буцалгахад бэлтгэнэ. 

  3. Ингээд 3-4 цаг буцалгах бөгөөд шөлний дээр тунасан өөх тосыг шүүж аваарай. 

  4. Үхрийн чөмөг, тойг, булууны яс нь хатуу нягтаршилтай зузаан байдаг тул ийнхүү олон цаг буцалгаж чанаж байж ясны нарийн ширхэгт шингэсэн байдаг эрдэс бодисыг задладаг аж. Шаардлагатай бол бүтэн их хэмжээний усанд бүтэн өдөржин буцалгасан ч болно. Тэр тусмаа та амт, чанар сайтай сайхан шөл гаргаж авна. Мөн шөлөн дээр тунасан мах, ясны хальс зэргийг сайтар шүүж аваарай. Буцалгах хугацаандаа огтхон ч давслах хэрэггүй. Ясны шөлийг жинхэнэ өөрийнх нь амтаар гаргаж авна гэсэн үг. Харин тойгны шөлийг дангаар нь чанахад цэхэр цагаан шөл гардаг бол булуу, чөмөгний шөл тос, нөж их ялгарсан цайвар бордуу шөл болдог. 

  5. Олон цаг буцалсан ясны шөлийг амсахад хөлс гарам сайхан амттай байвал бүтэн сармисны хумс, давс, хар перец, сонгино, ногоон сонгино, лаврын навч хийж 20-30 минут буцалгаж амт, чанар оруулна.

  6. Зүүн Ази, Солонгос, Хятадууд ясны шөлөн дээр дүпү, байцаа, майлз, далайн байцаа, чинжүү хийж иддэг бөгөөд эдгээр нь эрдэс баялагийг улам арвижуулж өгдөг байна. 

  7. Ясны шөлийг амтлаад дангаар нь идэхээс гадна гоймон, будаа, ногоо зэргээр хачирлан идэж бас болно.

 





» буцах
Шинэ
Их уншсан
© Зохиогчийн эрхийг хуулийн дагуу Ээж - Хайрын аппликейшн эзэмшинэ. 2015 он