Хөхний толгой хагарахад яах вэ?

2016-09-19     46135

 

Бүсгүйн хэвлийд бяцхан үр ирэхэд хамгийн түрүүнд хөх хөндүүрлэж баярт мэдээг дуулгадаг. Уураг асгарч уулзах цаг ойртсныг эх үрд сануулдаг. Хорвоод мэндэлсэн хонгор үрийн ээжтэйгээ холбогдох хайрын холбоос нь болдог хөхний талаар бүсгүй танд бяцхан мэдээлийг хүргэе.

Анхны хүүхэд, туршлагагүй шинэ ээж миний хувьд хөхний толгой хагарах гэдэг “аймшигт зовлонг” мэдэрсэн болохоор жирэмсэн болон, дөнгөж төрсөн нярай эхэд хөхний толгой хагарах шалтгаан, түүнээс урьдчилан сэргийлэх талаар хэдэн үг холбоюу хэмээн санасан минь энэ.

Хүүхдийн хөхөх цаг ойртоход хөлс чийхарч, яс хавталзана гэдэг л болдог байсан би эдгээх олон арга туршиж үзсэн. Харин сүүлний тос хайлуулж хөхөндөө түрхэх л хамгийн хурдан эдгээсэн юм шиг санагддаг. Хожим хүүхэд бид хоёр “учираа олж, хужрыг тунгаавал” дараах байдлаас болж хөхний толгой хагардаг болохыг мэдсэн юм даа.

Хөхний толгойн аль нэг нь аль эсвэл хоёулаа зовиурлаж, улайж, ирмэг үүсч, арьс нь хагарч цус гарах зэрэг нь хөхний толгой хагарсан үед илрэх шинж тэмдэг юм. Хөхний толгойгоо сайн бэлтгээгүйгээс, хүүхдийг хөхүүлэхдээ зөв байрлуулаагүйн улмаас хүүхэд хөхний толгойн үзүүрийг хөхөж, улмаар хөхний толгой хагарах хандлагатай байдаг. Мөн хавтгай эсвэл хөхний толгой дотогш байрлалтай эмэгтэйчүүд илүү өртөмтгий байх нь бий. Заримдаа мөөгөнцөрийн халдвар өвчнөөс, бие махбодын ерөнхий сулралт, амин дэмийн дутагдал зэргээс болж хөхний толгой хагардаг.

Хэрвээ дараах хэд хэдэн нөхцлийг баримталбал үүнээс зайлсхийж болно.

  • Хөхөө хөхүүлж байх үедээ хүүхдийн байрлалыг сольж бай. Ингэснээр хөний толгойн хэсгийн янз бүрийн хэсэгт даралт үүснэ.

  • Хөхүүлсний дараа хүүхэд хөхнийг толгойг тавихгүй байвал хамрыг нь зөөлөн чимхэхэд хүүхэд өөрөө толгойг түлхэн гаргана.

  • Нэг удаад 10-15 минутаас хэтрүүлэлгүйгээр ойр ойрхон хөхүүлэх.

  • Хөхүүлэхийн өмнө хөхний толгой дээр мөс тавиад цэвэр марльар ороож байвал өвдөлтийг зөөлрүүлдэг.

  • Хөхүүлсний дараа үлдсэн сүүг сааж аваад хөхний толгойг хаттал нь агаарт 5 минут байлга.

  • Үлдэгдэл сүүг сааж хөхийг бүрэн суллана. Сүүг саах -даа хөнгөн хөдөлгөөнөөр толгойд хүрэхгүйгээр саана. Хөхний булчирхай зангирах үед (сүүн зогсонгишил) сүүний соруулыг ашиглах ба түр хугацаагаар хөхүлэхийг хязгаарлана.

  • Өдөр бүр хөхний даруулгаа солино.

Хэрэв хөхний толгой хагарсан үед цаашид халдвар орохоос сэргийлэхийн тулд цаг алдалгүй эмчилнэ.

  • Хөхийг үргэлж цэвэр байлгах. Хөхөө хөхүүлэхийн өмнө савантай бүлээн усаар угааж зөөлөн цэвэр алчуур, эсвэл марлаар дарж шингээнэ. Ямар ч тохиолдолд арчиж болохгүй, яагаад гэвэл арьсыг гэмтээдэг.

  • Хөхний арьсыг халдваргүйжүүлэхийн тулд спиртийн уусмалыг битгий хэрэглэ. Спирт нь арьсыг хүчтэй хуурайшуулдаг бөгөөд ийм зэргийн ариутгал шаарлагагүй.

  • Хөхний толгой ба түүнтэй нийлэх хэсгийг 2% содын уусмал (стакан буцалсан усанд нэг цайны халбага), эсвэл зүгээр буцалсан усаар угаана.

  • Эхний хэдэн дусал сүүг тунгааж сааж авах. Ингэснээр хөхний булчирхайн гарах цоргоны хэсгийг цэвэрлэж бичил биетүүдийг зайлуулна.

  • Зөөлрүүлэхийн тулд ланолин суурьтай тос болон тосон түрхлэг мөн бусад тоснууд (вазелин, ургамлын тос ба бусад) хэрэглэнэ. Эдгээри тос нь хүүхдэд харшил үүсгэдэггүй, хоол боловсруулалтанд алдагдал үүсгэхгүй. Хөхүүлсний дараа мөн түрхэнэ. Дараагийн удаа хөхүүлэхийн өмнө тосны хэсгийг арьсанд түрхэх, эсвэл хэсгийг усаар угаана.

  • Ариун цэврийн зөөлөн хэрэгсэлтэй хөхний даруулга зүүж, сүү ихээр гарах, хөхүүлэлтийн хооронд сольж байх хэрэгтэй. Чийгтэй байх нь арьсны өөрчлөлт үүсэх, өвчин үүсгэгч нянгийн үржилтийг ихэсгэдэг.

Хүүхдийн ертөнцийг таних хамгийн анхны гүүр бол бүсгүй таны бүлээн сүүтэй хөх юм шүү. За амжилт хүсье хөөрхөн ээжүүд минь хөхөө хайрлаарай.





» буцах
Шинэ
Их уншсан
© Зохиогчийн эрхийг хуулийн дагуу Ээж - Хайрын аппликейшн эзэмшинэ. 2015 он