Таны хүүхэд хэзээ хөдлөж эхлэхийг мэдмээр байна уу?

2016-09-19     12481

Хөл хүнд болсон ээжүүдийн хамгийн ихээр хүсэн хүлээсэн мэдрэмжийн нэг бол яриангүй энэ мөч тийм үү ээжүүд ээ. Таны хэвлий дотор байгаа бяцхан сахиусан тэнгэр таньд дохио өгч мэндлэн, таньтай харьцаж эхлэх нь хамгийн гайхалтай.  Тэгвэл хэзээ хэдий үеэс энэ хөдөлгөөн эхлэх вэ гэдгийг мэдмээр байна уу?

Ургийн хөдөлгөөн анхны жирэмслэлтэнд 18-22 долоо хоногийн үед харин давтан төрөлтөнд 15-18 хоногийн үед анх мэдрэгддэг.

Гэхдээ ургийн хөдөлгөөн таныг мэдэрч эхлэхээс аль эрт хөдөлж эхлэсэн байдаг.

  • Долоогоос найман долоо хоногийн үеэс таны хүүхэд бөхийх хажуу тийшээ эргэх зэрэг хөдөлгөөн хийж эхлэдэг.

  • Есөн долоо хоногтойгоос эхлэж ураг зогьсох, хөл гараа хөдөлгөх, хөхөх залгих зэрэг хөдөлгөөн хийдэг болно.

  • Арван долоо хоногтойдоо ураг толгойгоо бөхийлгөх эргүүлэх хөдөлгөөн хийж чаддаг болно. Мөн гараа нүүрэндээ хүргэх, амаа ангайх, суниах зэргийг хийж чаддаг болно.

  • Арван нэгэн долоо хоногтойдоо эвшээж чаддаг болно.

  • Арван дөрвөн долоо хоногтойдоо нүдээ хөдөлгөж чаддаг болно.

Аажимдаа таны хүүхдийн хөдөлгөөн хүчтэй болох бөгөөд танд мэдрэгдэхүйц болж ирдэг. Таныг хүүхдийнхээ хөдөлгөөнийг анх мэдрэхээс хавьгүй удаан хугацааны өмнөөс тэрээр цохих, өшиглөх, мөчдөө тэнийлгэн суниах зэрэг хөдөлгөөнийг хийж байдаг.

Гэхдээ ураг байнга хөдлөгөөнтэй байдаггүй. Яг л тань шиг заримдаа амрах унтахыг хүснэ. Жирэмсний сүүлийн хугацаа дөхөхөд таны хүүхэд цагт 45 минут орчим амардаг болно.

Ургийн хөдөлгөөний үе шатыг дараах байдлаар орууллаа.

20-24 долоо хоног

Эдгээр долоо хоногуудын үед таны хүүхдийн хөдөлгөөн аажим ихэсдэг. Та хүүхдээ өдрийн туршид илүү идэвхтэй хөдлөж олон удаа өшиглөж тонгочиж  байгааг мэдрэх болно.

24-28 долоо хоног

Та хүүхдийнхээ зогьсуулж байгааг мэдэрч эхлэж магадгүй. Энэ нь тодорхой хэмнэлтэй огцом маягийн хөдөлгөөнөөр мэдрэгдэж болзошгүй. Жирэмсний энэ хугацаанд ураг орчмын шингэний хэмжээ 750 мл орчим байдаг тул хүүхдийг чөлөөтэй хөдлөж сэлж, эргэлдэж байх орчин болж өгдөг. Та түүнийг зарим үед гэнэтийн дуу чимээнд цочиж үсрэхийг мэдэрч магадгүй.

29 долоо хоног

Энэ үеэс таны хүүхэд зарим жижиг тодорхой хөдөлгөөнүүдийг хийж чаддаг болно. Мөн тэрээр томорч умай дотороо хөдөлгөөн хийхэд харьцангуй хязгаарлагдмал байдалтай болох болно.

32 долоо хоног

Танд арай сулхан хөдөлгөөнүүд мэдрэгдэж эхлэнэ. Энэ долоо хоногийн дараагаар хүүхдийн хөдөлгөөн харьцангуй цөөрч байгаа нь мэдэгдэх болно. Учир нь түүний чөлөөтэй хөдлөх орон зай багасаж байгаатай холбоотой тул хэвийн үзэгдэл юм.

36 долоо хоногийн орчимд

Хэрэв таны анхны жирэмслэлт бол ургийн толгой аарцгийн орох хэсэгт сууж эхлэнэ. Энэ нь анхны жирэмслэлтийн явцад умайн болон хэвлийн булчин илүү чанга байдагтай холбоотой. Жирэмсний энэ үед ургийн хөдөлгөөн хөл болон гараараа нудрах, жийж маягтай байдаг. Зарим үед ургийн эдгээр хөдөгөөнүүдтэй холбоотойгоор хавирганы нумаар хөндүүрлэх нь бий.

Хэрэв та өмнө нь төрж байсан бол таны хэвлийн булчин илүү сул байна. Иймд ургийн толгой аарцийн хөндийн орох хэсэгт тавигдаагүй дээр байхын зэрэгцээ ховор тохиолдолд байрлалаа өөрчилж болохыг анхаараарай.

36-40 долоо хоног

Таны хүүхэд томорсонтой холбоотойгоор эргэлдэх хөдөлгөөн урдынхаасаа багасна. Магадгүй одоо таны хүүхэд эрхий хуруугаа хөхөж сургууль хийж байгаа. Хэрэв хуруу нь амнаас нь гарчихвал түүнийг олохыг оролдож толгойгоо хурдан хөдөлгөдөг.

Жирэмсний сүүлийн хоёр долоо хоногийн хугацаанд ургийн хөдөлгөөн аажим багасдаг. Харин оронд нь та хүүхдийнхээ аль нэг талын хавирганы нум руу жийж байгааг мэдрэх болно. Энэхүү хөдөлгөөн харьцангуй багасаж байгаа  нь хэвийн үзэгдэл боловч таны санаа зовж байвал эмчид үзүүлж болно.

Одоо хүүхдийн толгой доошилж аарцгийн хөндийд төрөхөд хамгийн тохиромжтой байрлалаа олсон байх бөгөөд энэ хорвоод ирэх аялалаа эхлэхэд бэлэн болсон байгаа.

Таны хүүхэд зарим үед унтаж амрах ба бусад цагт нь идэвхтэй сэрүүн байна. Магадгүй тэрээр үдээс хойш эсвэл таныг унтахаар хэвтэх үед идэвхтэй хөдлөх болно. Хүүхэд энэ хөдөлгөөний идэвхи, хэв маягаа амьдралынхаа эхний хэдэн долоо хоног хүртэл хадгална.

 




» буцах
Шинэ
Их уншсан
© Зохиогчийн эрхийг хуулийн дагуу Ээж - Хайрын аппликейшн эзэмшинэ. 2015 он