Хүүхдээ хэрхэн ажилсаг хүн болгож өсгөх вэ?

2016-09-26     13723

Хүн төрөлхтөний хамгийн гэгээн, хамгийн ариун, хамгийн үнэнч үе бол хүүхэд нас. Хүүхдийн, тэр дундаа цэцэрлэгт орох насны хүүхдүүдийн оюун ухаан нь тув тунгалаг, тэднийг юу ч бичээгүй цагаан цаастай зүйрлэх нь бий.  Эцэг эх гэдэг хүүхдээ зөв хүмүүжилтэй сайн хүн болгохын төлөө л тэднийг төрүүлж өсгөдөг. Гэвч зарим эцэг эхчүүд хүүхдээ хэт хайрласнаар амьдралд нь болоод тэдний өсөлтийн явц дахь ухамсарт сөрөг нөлөөг үзүүлдэг.  Хүүхдийг хэвлийд байхаасаа л тодорхой хэмжээний ухамсар авч төрдөг гэлцдэг. Харин аав ээжүүд хүүхдээ тусд ормогц нь тохирсон ажил хийлгэхийг хориглодог. Миний хүү хэтэрхий бага байна, жаахан байна гэх тэдний нялуун харьцаа нь аажмаар залхуурах бэлэнчлэх сэтгэлгээг суулгаж өгдөг.

Үнэхээр хүүхэддээ хайртай аав, ээж эмээ өвөө нар бол хүүхдээ яаж амьдрах ухаанд сургахын сацуу тэдний зөв хүн болох хүмүүжилд нөлөөлдөг. Тухайлбал таны хүү, охин гэр орны ажилд хэр оролцдогоос энэ ухамсар илэрнэ гэнэ. Хамгийн наад зах нь хэнээр ч хэлүүлтгүй ор дэрээ хурааж, цай ундныхаа дараа ширээгээ цэгцлэх аяга тавагаа угаах, хог шүүрдэх гээд л гэрийн ажил ёстой хүүхнүүдийн хэлдгээр нэргүйгээр ундардаг. Уг нь энэ бүгдэд ээж аавыгаа оролцуулаад байдаггүй бол танай хүүхэд ухамсартай, зөв хүн болж  төлөвшиж чадна.

Иймээс эцэг эхчүүд та бүхэн хүүхдийг багаас нь өөрөө өөртөө л үйлчилж өөрөө өөрийнхөө төлөө амьдрах ёстойг ойлгуулж, жаахан байна гэж чамлахгүй эрхлүүлэхгүй байж чадваас, таны хүү охин гэрийн ажилд идэвхитэй оролцох төдийгүй энэ нь ухамсартай иргэн болж ирээдүйд хэнээр ч юу ч хэлүүлээд байхааргүй биеэ даан өсөх болно гэдгийг хэлэх байна. Үүнд:

Та хүүхэддээ аливаа зүйлийг захиран тушаах хэлбэрээр биш энгийн, гэхдээ ойлгомжтой, тодорхой үгээр хэлээрэй. Нэгээс илүү удаа давтан нурших шаардлагагүй, энэ нь хүүхэд амархан залхах байдалд хүрдэг. Хүүхэддээ хэрхэн хийх аргыг нь өөрөө бодитоор үзүүлэх. Хийсэн ажлыг нь бүү чамлаарай. Урмыг нь хугалахаар ууцыг нь хугал гэдэг дээ та хүүхэддээ болж байна гээд хэлэхэд л хангалттай.

Тиймээс дараах насанд нь тохирсон ажилд сургаж, ажилч хичээнгүй, нямбай болгон төлөвшүүлэх хэрэгтэй.

2-3 нас

Гал тогооны алчуурыг аль болох цэмцгэр байлгах хэрэгтэй. Учир нь хүүхэд бохир алчууранд хүрснээр өвчлөл авч болзошгүй. Мөн хүүхдээ хоол идсэнийх нь дараа аяга тавгийг өөрөөр нь хураалгаж байгаарай. Жижиг хэсгийн хог шүүрдүүлэх, аяганд ус хийж уух гэх зэрэг хамгийн энгийн ажлыг өөрөөр нь хийлгээрэй.

4-5 нас

Энэ үед та аяга таваг угаагч порлоныг тогтмол сольж, цэвэрхэн байлгах хэрэгтэй. Мөн шороо босох тул тоос сорогчийг хэрэглэх нь зөв юм. Энэ үед халбага сэрээ хураах, Хүнс цуглуулахад туслах, аяга таваг угаах зэрэг ажил хийлгэхэд болно.

6-7 нас

Энэ үед та хүүхдээ хоолоо идсэнийх нь дараа ширээ цэвэрлүүлж хэвшүүлээрэй. Ингэснээр таны хүүхэд бага багаар биеэ дааж, ажилд сурамгай болох юм. Мөн төмс ногоо арилгуулж болно. Угаасан аяга тавгаа арчиж цэвэрлэх, Өглөөний цай бэлдэхэд туслах, шал шүүрдэх  гэх зэрэг ажил хийлгэхэд тохиромжтой.

8-9 нас

Хүүхэд 8-9 настай болоход гэрийн ажилд туслах, аливааг хийхдээ илүү шаламгай сайн болсон байдаг. Тиймээс та хүүхдээрээ хөргөгч цэвэрлүүлэх, дэлгүүрээс жижиг хүнс авахуулах, цай, кофе, жүүс зэргийг аяганд хийж бэлдүүлээрэй.

10-11 нас

Харин 11-2 настай хүүхдийн хувьд тэд хоол хийх, хөнгөн зууш бэлтгэх гээд бүхий л зүйлсэд тусалж эхэлнэ. Тиймээс энэ үеэс та хүүхдээ аль болох олон ажлыг хийж сургах нь зүйтэй.

12-оос дээш нас

12 болон түүнээс дээш насны хүүхдээр бие даан хоол хийлгүүлэх, хувцсыг нь өөрөөр нь угаалгаж хэвшүүлээрэй. Ингэснээр таны хүүхэд ирээдүйд ажилч, хичээнгүй болж хүмүүжих болно.

 




» буцах
Шинэ
Их уншсан
© Зохиогчийн эрхийг хуулийн дагуу Ээж - Хайрын аппликейшн эзэмшинэ. 2015 он