Хөөрхөн ээж амаржихаасаа өмнө амжуулж хийгээрэй

2016-09-27     22283

Таны гэдэс өдөр ирэх тусам томорсоор байна уу? Төрөх хугацаа ойртож, гэртээ хийх зүйлээ олж ядан суугаа юм биш биз? Эмэгтэй хүн “Ээж” болсон цагаасаа эхлэн энэ ертөнцийг хамгийн ихээр хайрлаж эхлэх ба хамгийн завгүй нэгэн болж хувирдаг. Үүр шөнөөс үдшийн бүрий хүртэл  бяцхан үр  тань  таныг саатуулах болно.   Тэгвэл түүнээс өмнө таньд амжуулж хийх ёстой хэд хэдэн чухал зүйл байгааг сануулж байна.

1.    Ээжтэйгээ болз

Жирэмсэн болсон цагаасаа эхлээд л чи ээжийгээ өмнөхөөсөө илүүгээр өрөвдөн хайрлаж ирсэн. Бас бусдын нүдэнд “дэнхийсэн том” харагдаж байсан ч, ээжийнхээ өврөөс гараад удаагүй нялх амьтан шахуу байсан өөрийгөө ч мэдэрсэн. Одоо өөрөө ээж болчих юм бол “охин” байх цаг чинь хамаагүй багасах болно. Өөрийнхөө л хүүхдэд анхаараад, ээжийгээ гэх завдал ховор тохионо.

Тиймээс төрөхөөсөө өмнө ээжтэйгээ заавал болзоорой. Хоёулахнаа цуг кино үзэж, дэлгүүр хэсэж, хоол идэж, хөгжилтэй дурсамжуудыг ярилцаж, анх ээж болж байсан түүхээс нь сонсож, паркаар зугаал. Дараа нь харин аавтайгаа ч бас тусдаа болзоорой. Ааваараа зайрмаг авахуулж, цугтаа алхаж, аавын жаахан охин гэдгээ ханатлаа мэдрээд аваарай. Тэднийхээ хувьд чи үргэлж энхрий үр нь байх ч, өөрийнхөө хувьд чи “хүүхэд” байхаа болиод, “хүүхдийн ээж” болж хувирах болно.

2.    Уншмаар санагдсан номнуудаасаа аль болох олныг унш

Хүүхэдтэй болсны дараа аливааг гүйлгэж л харна уу гэхээс тухтай суугаад унших боломж ойрын хэдэн жилдээ тохиохгүй. Тиймээс өөрийгөө идэхийг хүссэн зүйлээрээ хүрээлүүлээд, бүхэл өдөржин цонхны дэргэд номоо амтархан унших жаргалтай амралтын өдрүүдийг өөртөө бэлэглээрэй. Мөн ямар нэг зурах, бичих хобби байвал түүнийгээ одоо л хэрэгжүүлж, сэтгэл санаагаа тайвшруулангаа өөртөө цаг гаргах хэрэгтэй.

3.    Хайрттайгаа долоо хоног бүр болз

“Хүүхдээ яах билээ?”, “Хэнд харуулах вэ?” гэсэн асуудал байхгүй үеийг ашиглан хайрттайгаа хэд хэдэн удаа дотно гэгч нь болзоод аваарай. Болж л өгвөл хоёулахнаа “булагнаж”, амралтын өдрүүдийг алдалгүй агаарт гарч, жүжиг үзэж, зугаалж, гадуур хооллож, бие биедээ бяцхан бэлэг худалдаж авч өг. Би жирэмсэн байхдаа жимсний чанамалны шилэнд төрөхөд үлдсэн долоо хоногийнхоо тоогоор дуртай болзоогоо бичиж хуйлж хийгээд, Даваа гариг бүрийн өглөө сугалдаг байсан юм. Эртнээс төлөвлөгөөгөө гаргахын тулд Бямба гаригийн болзоог Даваа гаригт нь тогтоодог байсан юм л даа. Аав ээж болохоос өмнөх, дан ганц дурлалт хосын хувиар сайхан дурсамжуудыг бүтээн, цагийг хоёулахнаа өнгөрүүлэх нь үнэхээр хэрэгтэй юм билээ. Энэ л үе чинь ирээдүйд гарах маргааны тоог цөөлдөг юм шүү.

4.    Утсаа таслаад “унт”

Жирэмсний амралтаа авсныхаа дараа зав л гарвал унтахыг эрхэмлээрэй. Энэ үгийг хүн болгон хэлдэг ч, төрсний дараа хэдэн сар шөнө бүр нойроо хугаслах учраас хөнжилдөө өдөржин хөлбөрөхөөсөө хэнээс ч бүү санаа зов. Утсаа тасалчих. Бие засах гэж сэрэх бүртээ амандаа жаахан юм хийж авчихаад л өдөрт хэдэн цаг дуг хийчихэж байгаарай. “Чиний хэрэг хаана ч байхгүй” энэ үеийг ашигла. Учир нь удахгүй “чамаас илүү хэрэгтэй хүн байхгүй” болно.

5.    Ажилдаа бүү санаа зов

Ажил чинь чамгүйгээр урагшилж л таарна. Олон эмэгтэйчүүд декритээ авсан хэрнээ өөрийгөө үргэлж бэлэн байдалд байлгасаар, амарч чадалгүй төрчихдөг. Бас стрессээсээ ангижирдаггүй. Хайртай ажлаасаа холдох хэцүү л дээ. Гэхдээ одоо чамтай хариуцлага тооцох эрхтэй хүн бол чиний ажлын босс биш, харин хэвлийд байгаа шинэхэн босс юм шүү.

6.    Хөөрхөн дээрээ тавь

Төрсний дараа чи ихэвчлэн л тослогтсон үстэй, ядарсан царайтай, унтлагын юм уу гэрийн хувцастай “хөглөрч” явах болно. Тийм учраас одоо л үсээ янзлуулж, гоё хувцаслаж, нүүрээ будаж, гоёл зүүсгэлээ зүүж байгаарай. Өөртөө анхаарал хандуулах хамгийн боломжтой үе бол анхны жирэмслэлтийн үе юм шүү.

7.    Охидын цаг

Та нар дарс тулгаж, шөнөжин бүжиглэж чадахгүй л дээ. Гэхдээ л караокед дуулж, орчлонгийн сонин хачныг ярьж, бялуу хийж, багадаа үздэг байсан цувралаа үзэж, цугтаа массажинд орж чадна шүү дээ. Найз бүсгүйчүүдтэйгээ нэгэн оройг зориуд хачин сайхан өнгөрүүлээрэй. Хуримын өмнөх өдөр “Ганц бие бүсгүйн үдэшлэг” хийдэг шиг “Ээж болохын өмнөх үдэшлэг” хийж яагаад болохгүй гэж?

8.    Өөртөө бэлэг авч өг

Та хоёр санхүүгийн хувьд тун няхуур цаг үед байгаа байх. Хүүхдээ угтаж авахдаа бэлдэх гээд мөнгөө аль болох л хураахыг эрмэлзэх нь аргагүй. Гэхдээ төрснийхөө дараа чи хүүхэддээ болон нөхөртөө л мөнгөө зарцуулахыг бодохоос биш өөртөө юм авах талаар хааяа л нэг санадаг болно. Үүнийг муу зүйл гэж байгаа юм биш шүү, цаанаасаа л тэр хоёртоо л юм авч өгмөөр санагдаад байдаг юм. Тиймээс удахгүй ээж хэмээх эрхэм алдрыг зүүх гэж буй өөртөө зориулан бяцхан (эсвэл том) бэлэг авч өг. Чамайг гоёмсог эмэгтэй хүн гэдгийг мэдрүүлэх юу ч байж болно.

9.    Гэрээ нэг сайн цэвэрлээд ав

Хүүхдээ төрөхийг дөхүүлээд “цагаан сарын цэвэрлэгээ”-г ахин нэг удаа хийгээд аваарай. Цонх, хөшгөө угааж, балконоо зүлгэж, байнга гар хүрдэггүй хэсгүүддээ анхаар. Дараа нь чи өөртөө үнэхээр их баярлах болно.

10.    Хоол хийж хөлдөө

Хоолыг шинэхэн дээр нь хөлдөөхөд түүний чанар мууддаггүй. Хэрвээ танай хөлдөөгчинд сул зай байвал одооноос хоол хийхдээ хоёр дахин их хэмжээгээр бэлтгээд, үлдсэнийг нь шинэ дээр нь шилэн тагтай саванд хийж хөлдөөгчиндөө хадгалаад байгаарай. Төрсний дараа чамайг асрах хүн ховор бол энэ нөөц чинь тун их хэрэг болно. Бээлийгээр жийрэглэж гаргаад, шарах шүүгээнд юм уу хайруулын тавганд халаагаад идэх боломжтой гэсэн үг юм. Бас шинэ гишүүнийг харахаар ирэх зочдыг дайлах тавгийн чихэр, цай зэргээ бага сага нөөцлөөд аваарай.

11.    Хүүхдийнхээ өлгий, даавуу, хувцсыг урьдчилан сонго

Учир нь төрсний дараа нөхрийн сандарч мэгдэн авчирсан зүйлс чамд таалагдахгүй байх магадлалтай. “Төрөөгүй хүүхдэд төмөр өлгий” гэдэг үгэнд сүсэглэж байвал төмөр халбага юм уу сэрээ ороож тавиарай. Эсвэл нөхөртэйгөө цуг дэлгүүрт ороод яг аль алийг авмаар байгаагаа хэлээд зургийг нь авахуулчихаж болно. Харин хөхүүл үеийн даруулга, хөхний сүү шингээгч, саалтуур зэрэг өөртөө зориулан авах зүйлсээ аажуу тайван энэ л үедээ түрүүлээд авчихад тун гэмгүй.

12.    Хүүхдийнхээ унтах хэсгийг тохижуул

Төрөөд удаагүй хүүхэд өөрийнх нь орны дэргэд гоё үгс хадаатай байна уу, үгүй юу гэдгийг мэдэх ч үгүй. Гэхдээ л өөрт нь тусгай орон зай үүсгэж өгөхийг хүсэж байгаа бол одоо л хийх цаг. Төрсний дараа тиймэрхүү зүйлсэд зарцуулах цаг байхгүй болно.

13.    Жирэмсний тэмдэглэл

Магадгүй чи аль хэдийнэ хөтлөөд эхэлчихсэн байх. Хэрвээ хөтлөөгүй бол, энэ талаар заавал бодолцоорой. “Цондгор гэдсээ санаад байдаг юм” гэдэг үгийг чи төрсөн ээжүүдээс сонсож л байсан байх. Гараад ирсний дараа үр нь цаг минутаар өсөн томорч, анх ямар байсныг нь амархаан гэгч нь мартуулчихна. Тиймээс дараа нь хүүхэддээ ярьж өгөхийн тулд, өөрөө уншиж инээхийн тулд, энэ нандин цаг хугацааг зүгээр л урсгачихгүйн тулд жирэмсний тэмдэглэл хөтлөөрэй. ЭХО-ны зургуудыг нь нааж, өөрийн сэтгэгдэл, нөхрийнхөө сэтгэгдлийг бичүүлж ав. Тест үзээд төрсөн мэдрэмж, анхны зүрхний цохилт, анхны өшиглөлт гээд мартаагүй байгаа дээрээ бүгдийг нь бичиж үлдээгээрэй. Мэдээж гэдэснийхээ зургийг үе үе баримтжуулан авч хавсаргахаа мартаж болохгүй. Мөн студид бие давхар үеийн уран сайхны зураг авахуулж байгаа бол түүнийгээ хамгийн эхний хэсэгт нь наагаарай.

 




» буцах
Шинэ
Их уншсан
© Зохиогчийн эрхийг хуулийн дагуу Ээж - Хайрын аппликейшн эзэмшинэ. 2015 он