Жирэмсний үеийн бөөрний үрэвсэл

2016-10-04     18655

Жирэмсэн үед биеийн эрхтнүүд 2 дахин илүү ачааллаж байдгийг хөөрхөн ээжүүд мэдэх үү?. Тэдгээрээс хамгийн их ачаалладаг эрхтэн бол бөөр юм. Учир нь жирэмсэн болсон үеэс давсаг шахагддаг тул амархан шээс хүрч өмнөх үеэс илүү шээс ялгаруулдаг. Эмэгтэй та жирэмслэхээс өмнө бөөрний дутагдал, бөөрний өрөвсөлтэй бол шинжилгээ заавал өгч бөөрөө хамгаалан эмчлэх хэрэгтэй гэдгийг ЭЭЖ АПП нь анхааруулж байна. Мөн жирэмсэн ээжүүдэд тохиолддог нэг зүйл бол жирэмсэн үеийн бөөрний үрэвслийн талаархи мэдээллийг хүргэе.

Бие махбодид бөөр олон тооны үүрэгтэйгээс цусыг цэвэрлэж, хорт бодисыг ялгадаг нь хамгийн чухал нь. Энэ эрхтний үйл ажиллагаа алдагдах нь бие махбодид аюултай, бие давхар үед бүр аюултай байх магадлалтай. Бөөрний үрэвсэл буюу пиелонефрит нь бөөрний завсрын эд, сувганцар, бөөрний тэвшинцэрийн үрэвсэлт өвчин.

Өвчин цочимог болон архаг явцтай байж болно.

• Цочимог явцтай үед бөөрний завсрын эд болон сувганцар үрэвссэн байх ч тэвшинцэр үрэвсээгүй байдаг.

• Архаг явцад шилжих үед өвчний зовиур намжиж, зүгээр болчих мэт болдог ч байдал эсрэгээрээ эргэнэ.

Архаг үед бөөрний тэвшинцэр үрэвсэж, цаашилбал бөөр үүргээ гүйцэтгэж дийлэхээ болиход ч хүрч болно. Үүнийг бөөрний дутагдал хэмээн нэрлэнэ.

Бөөр өвдөх явцын хувьд бие давхар хүнийх бусад хүнийхээс нэг их онцгойроод байхгүй. Ялгаа нь гэвэл эмчлэхгүй байх нь тээж буй үрд нь нөлөөлөх магадлалтай. Бие давхар хүний бөөр илүүтэй үрэвсдгийг тэмдэглэх хэрэгтэй. Шалтгаан нь:

• Бие махбодийн ачаалал огцом өсч бөөрний ачаалал илүүтэй нэмэгдэнэ

• Биеийн дархлаа суларч халдвар авахдаа хялбар болно

• Умайн хэмжээ томрох тул бөөрийг, баруун бөөрийг илүүтэй дарна. Ингэснээр бөөрний цусан хангамж буурдаг.

• Дааврын өөрчлөлт орно.

Бөөрний үрэвслийн гол зовиур нь бүсэлхийгээр өвдөх, шээх үед зовиурлах, халуурах, шээсээ барьж дийлэхгүй байх гэх мэт. Иймэрхүү зовиур илэрвэл эмчид яаралтай хандаж, шээсний шинжилгээ өгөх нь зөв.

Өвчний үед цусан дахь цагаан цогцсын тоо нэмэгдэж, шээсэн дэхь нянгийн тоо ихэссэн байдаг. Өвчнийг хүндрүүлж, архагшуулахгүйн тулд эмчийн тогтмол хяналтанд байж эмчилгээ хийлгэх нь зүйтэй. Орчин үеийн технологийн ачаар өвчнийг богино хугацаанд эмчлэх боломжтой болсон тул эмчилгээг хойшлуулж ужигруулж хэрхэвч болохгүй шүү ээжүүд ээ

https://www.facebook.com/eej.mobileapp/ Манай албан ёсны ЭЭЖ АПП пейж хуудсанд нэгдээрэй.
https://www.facebook.com/groups/eej.club/ ЭЭЖ группдээ элсээрэй




» буцах
Шинэ
Их уншсан
© Зохиогчийн эрхийг хуулийн дагуу Ээж - Хайрын аппликейшн эзэмшинэ. 2015 он