Бага насны хүүхдийн ээжээсээ холдох "айдас"

2016-10-13     11483

Хонгор үр нь хорвоод мэндлээд эхний хоногоос эхлээд ээжийгээ таньж хажуудаа үргэлж байлгахыг хүсдэг билээ. Ээжүүд бид хүүхдээ унтаж байх үед нь хоол унд, гэр орны ажлаа амжуулахыг хичээдэг шүү дээ. 

Ялангуяа нэг ойтой хүүхдэд хамгийн ихээр илэрдэг эцэг-эхээсээ салахаас айдаг айдсын талаар хүүхдийн сэтгэлзүйчид ийнхүү тайлбарлаж байна. Бага насны хүүхэд эцэг эхээсээ салахаараа айж, уйлж унжиж эхэлдгийн шалтгаан нь: "Ялангуяа нэг ойндоо хүрсэн хүүхдүүд ээжээсээ салах болохоороо айж, уйлж эсвэл эсэргүүцэх нь ихээр ажиглагддаг. Ээж нь дэлгүүр гарах, ажилдаа явах нь битгий хэл хэсэг хугацаанд бие засах гэхээр хүртэл асуудал үүсэх нь олонтаа байдаг. Харин ойндоо хүрэхээсээ өмнө энэ нь та хоёрын хувьд тийм том асуудал байгаагүй тийм үү?

9-10 сартай хүүхдийн ээж нь гэрээсээ гарахад хүүхэд нь баяртай хэмээн гар даллаж ээжийнхээ гэрээс гарахыг харж зогсдог байсан бол томрох тусам энэ аз жаргалтай үдэлт алга болж, түүний оронд ээжийнхээ хойноос ухаангүй уйлах хүүхэд болж хувирдаг. Хүүхдийн энэ эсэргүүцлийн цаана ээжгүй үедээ өөртөө итгэх итгэл муутай болдог байж болзошгүй ч, "Би ч гэсэн тантай явмаар байна, таны хийж байгаа зүйлийг хармаар байна, тантай байнга хамт баймаар байна" гэсэн энгийн шалтгаан байж болох юм. Хэрвээ та хүүхдээ гэртээ орхиод гарахад хойно чинь найдвартай сайн харах хүнтэй бол таны хүүхэд зөвхөн тантай байнга хамт байх гэсэн хүсэл, ээждээ эрхэлж байгаагаа илэрхийлэн уйлж унжиж байгаа гэсэн үг юм. Харин та хүүхдээ тийм ч найдвартай орчинд үлдээгээгүй бол уйлж, эсэргүүцэх шалтгаан нь айдас байж магадгүй юм. Жишээ нь: бие засахаар ариун цэврийн өрөөнд орж, хэсэг хугацаанд түүнийг орхилоо гэж бодьё. Хэрвээ тэр үед танайд хэн ч байхгүй бол хүүхдийн тань уйлж байгаа шалтгаан нь ганцаараа үлдэхгүй гэсэн утгатай юм. Үнэн хэрэгтээ бол салж, хагацах бүртээ таны хүүхэд эсэргүүцэл илэрхийлж байвал үүнийг эрүүл хүүхдийн хөгжлийн үе шат хэмээн дүгнэж болно.

Хүүхдүүд ялангуяа 13-14 сартайгаасаа эхлэн өөрийнхөө санал хүслээ илэрхийлэх хэрэгцээ нь маш өндөр түвшинд хүрдэг байна. Түүнчлэн, хүүхэд анх удаагаа ээж нь түүний дэргэд биш ч гэлээ, өөр ямар нэгэн газарт байгаа гэдгийг ухаарч эхэлдэг. Энэ ухаарал нь хүүхдийн сэтгэлзүйн хөгжилд "хүний залгамж холбоо" хэмээн нэрлэдэг. Өөрөөр хэлбэл хүүхэд томрох тусам хэн нэгэн хүнийг дэргэд нь байхгүй ч, түүний дүр төрхийг оюун ухаандаа дүрслэн буулгаж чаддаг. Бага насны хүүхдэд ийм чадвар байдаггүй. Мөн ээж нь өрөөнөөс гараад явахад 4 сартай хүүхэд ээжийгээ байхгүй болчихлоо гэж боддог. Таныг өөр ямар нэгэн газар байгаа хэмээн төсөөлж чадахгүй. Иймээс ээжийгээ байнга байдаг гэдгийг ойлгохгүй жаахан хүүхдийн хувьд мэдээж ээжээсээ салах нь хүнд мөч байх нь мэдээж. Жаахан хүүхдүүдийн ээжээсээ салахгүй гэж уйлдгийн учир үүнд оршдог байна.

 





» буцах
Шинэ
Их уншсан
© Зохиогчийн эрхийг хуулийн дагуу Ээж - Хайрын аппликейшн эзэмшинэ. 2015 он