Багачуудын музейгээр аялцгаая

2016-10-18     9436

Хүүхэд насны хамгийн сайхан, гэгээлэг дурсамж бол гэр бүлтэйгээ өнгөрүүлсэн алтан цаг, мөчүүд байдаг билээ. Та хайртай үрстэйгээ хамтдаа цагийг зугаатай, үр бүтээлтэй өнгөрүүлмээр байна уу? Тэгвэл та бүхний сонорт нэгэн сайхан мэдээг хүргэе. Улаанбаатар хотод маань гэр бүлээрээ хамтдаа хөгжилдөж тоглонгоо хүүхдийнхээ оюун ухааныг тэлэх “Багачуудын музей” энэ сарын 22-ноос үйл ажиллагаагаа эхлэх гэж байгаа тул та бүхэнд нэгэн таатай мэдээг дуулгая !

Багачуудын музей гэж юу вэ? 

Музей гэхээр л “хүрч болохгүй” гэсэн бичигтэй шилэн хоргонд хийсэн үзмэрүүдийг гаднаас нь харах боломжтой байдаг шүү дээ. Харин “Багачуудын музей” энэхүү уламжлалт төсөөллийг эвдэх цоо шинэ орон зайг багачууддаа зориулж бий болгож байна.

Монголд анх удаагаа нээгдэж буй Багачуудын Музей нь анхны бяцхан үйлчлүүлэгчдээ хүлээн авхад бэлэн болсон ба нийт эцэг эхчүүд, хүүхэд багачуудаа нээлтийн өдрүүдээр хүрэлцэн ирж манай шинэхэн музейтэй танилцахыг урьж байна! 

Сурах нь хөгжилтэй байж болохыг багачууддаа ойлгуулах зорилготой байгуулагдсан Багачуудын Музей нь 2-7 насны хүүхдүүд болон гэр бүлүүдэд зориулагдсан юм. Багачууд маань тоглож, хөгжилдөх явцдаа сурч, хөгжих боломжтой бөгөөд тоглоомын газрыг сургуультай өвөрмөц байдлаар хослуулан та бүхэнд хүргэх болно.

“Багачуудын Mузей” – ээс толилуулах гэж буй эхний үзмэр бол “Барилгачин Найзууд” (“Building Buddies”) хэмээх 2 – 7 насны хүүхдүүдэд зориулсан барилгын ертѳнцийг танилцуулах интерактив үзэсгэлэн байх юм. Энэхүү үзэсгэлэн АНУ-н Оклахома мужийн 5, 6 хүүхдийн музейнүүдэд тавигдаж олны ташаалд хүрсэн Канадын 20 гаруй жилийн туршлагатай дизайнеруудын бүтээл билээ.

Барилга барихын тулд төлөвлөх, хэмжих, угсрах, засварлах, цэцэрлэгжүүлэх, бас сантехник гээд л олон зүйлийг анхаарах хэрэг гардаг шүү дээ. Тэгвэл яг энэ бүгдийг хүүхдүүд гараар угсарч барих боломжтой болох юм. Хүүхдүүд энд ирээд тоглоомын төвд тоглодог шиг хѳлсѳѳ гартал гүйлдэж, эмх замбараагүй үйлдлийг хийхгүй харин хийж бүтээнгээ тоглож, танин мэдэхүйгээ хөгжүүлэх юм. Үүний гол ач холбогдол бол хүүхдийн бүтээлч сэтгэлгээг хөгжүүлж, суралцах урам зориг өгч, танин мэдэх сонирхлыг нь улам бүр өдөөж өгөх юм. Мэдээж хүүхдийн орчин учраас тэд аюулгүй байдлыг бүрэн хангасан нь тодорхой. Цаашид тэд эцэг эхчүүд хүүхдүүдтэйгээ цагийг хамтдаа хѳгжилтэй, үр ашигтай ѳнгѳрүүлэхэд чиглэгдсэн сонирхолтой арга хэмжээнүүдийг зохиох болно.

Та бүхэн гэр бүлээрээ Барилгачин Найзууд үзмэрт ирж хүүхдүүдийнхээ төсөөллийг урамшуулан хөгжүүлж, бүтээлч сэтгэлгээг нь задалж, хамтдаа цагийг хөгжилтэй өнгөрүүлээрэй.

 

 

Хэзээ? хаана болох вэ?

10 дугаар сарын 22оос эхлэн үүд хаалгаа нээж байна.

10:00 – 22:00 цагийн хооронд

Шангрилла Моллын 3-р давхарт

Гэр бүлээрээ цагийг бүтээлчээр өнгөрүүлцгээе!

 

 





» буцах
Шинэ
Их уншсан
© Зохиогчийн эрхийг хуулийн дагуу Ээж - Хайрын аппликейшн эзэмшинэ. 2015 он