Эмэгтэй хүний карьерийг өсгөх 10 чадвар

2016-10-24     11807

Хүн бүр сонгосон мэргэжлийн ур чадвараа сайжруулж, эрдмийн цолоо ахиулахыг боддог. Харин энгийн юм шиг мөртлөө хэн бүхэнд тэр дундаа эмэгтэй хүний карьерт бодитойгоор нөлөөлдөг чадваруудыг танилцуулж байна. Үүнийг та хэдийнээ чаддаг болсон бол карьер чинь өсөж яваа гэдэгт эргэлзэхгүй байна. Харин хичнээн ажиллаад ч нэг л болж өгөхгүй байвал магадгүй доорх чадваруудаас өөрийгөө хөгжүүлэх нь эмэгтэй таны ирээдүйд ихээхэн сайн үр дагавар авчрах нь гарцаагүй шүү.

1. Техникийн мэдлэг

Компьютер дээрээ вирусний программ суулгаж, гарныхаа товчыг солихдоо ажлынхаа залуугаас аль болох тусламж гуйхгүй байх хэмжээнд мэдлэгтэй байх хэрэгтэй. Хэдий энгийн юм шиг санагдаж байгаа ч чи ийм л энгийн зүйл дээр бүдэрдэг гэдгээ бусдад харуулж байгаа хэрэг. Тиймээс бага зэрэг хичээл зүтгэл гаргаад энэ бүхнийг өөртөө ашигтайгаар эргүүл. Наад захын мэдлэг л чамд жижигхэн зүйл дээр ч бусдын гар харахгүй байхад туслах болно.

2. Урлагийн чадвар

Байгууллага хоорондын урлагийн үзлэгт урдаа барьдаг “авъяастан” нь байхыг эрмэлз. Хэн юм хийнэ, хэн илүү хариуцлага хүлээнэ түүнд эрх мэдэл очдог. Төрөлхийн урлагийн авъяасгүй гэж бодож болохгүй. Хэрэв дуулж чаддаггүй бол бүжиглэж сур. Энэ чадвар өдөр болгон биш ч чухал үед их хэрэгтэй. Үүнийг дагаад чиний нэр хүнд ч өсөх болно. Дан ганц ажлын байран дээр биш, амралт зугаалган дээр ч бусдад ямар үлгэр жишээ гэдгээ харуулах нь хамтран ажиллагсаддаа өөрийнхөө талаар эерэг ойлголт төрүүлэх том алхам. Гитар тоглоод эвлэгхэн дуулчихдаг бол хамт олноороо салхинд гарахад чамайг “од” болгож магадгүй шүү.

3. Бусдыг урамшуулах чадвар

Хажуудах хүндээ эелдэг үг хэлж бай. Тайлан гаргах гээд сууж байгаа ажлын бүсүйдээ “Чи их мундаг” шүү гэж хэлэхэд л тэр чиний талд гэсэн үг. Хүнийг өөрийнхөөрөө байлгах хамгийн сайн арга нь магтаал биш шүүмжлэл. Гэхдээ л сайн сайхан зүйл ярьдаг өөдрөг хүнд эргэн тойрны бүх хүн дарамтгүйгээр татагддаг.

4. Хошин шогийн мэдрэмж

Хамт олны уур амьсгал тэр чигтээ доошилсон үед ч, хошигнох мэдрэмжээ алдаагүй хүн бүхнийг аварч чадна. Адилхан хөмсгөө зангидлаа гээд асуудал шийдэгдэхгүй учраас, хамт олныхоо сэтгэл санааг өргөж энэ төсөл бүтэлгүйтсэн ч гэсэн ямар дурсамжуудыг үлдээсэн, одоо бидний өмнө юу байгааг ярьж инээмсэглэл бэлэглээрэй. Ямар ч хөгийн нөхцөл байдлаас инээх шалтгаан олж харж чаддаг хүнийг бүх хүн дагахад бэлэн байдаг.

 

5. Бусдын олж хараагүйг харах чадвар

Өөрөөр хэлвэл 10 хүний 9 нь нэг зүйлийг дуу нэгтэйгээр хүлээн зөвшөөрч байвал, түүнийг нөгөө өнцгөөс нь харуулах 1 хүн нь байх юм. Бид өөрсдөө ч мэдэлгүйгээр эргэн тойрны хүмүүсийнхээ нөлөөлөлд автаж, үзэл бодлоо өөрчилж байдаг. Тиймээс бие биенийгээ дагаж санал нийлж байгаа хүмүүст, өмнө нь бодож үзээгүй нэг давуу талыг сөргүүлэн тайлбарласнаар чи нэг алхмын түрүүнд явж чадна.

6. Тэмдэглэл хөтлөх чадвар

Барилгачны ажилд хүртэл тэмдэглэл хөтлөх чадвар маш чухал. Хурал хийж байхад зөвхөн протокол хөтөлдөг хүнд найдалгүй, гарсан бүх шийдвэрийг тэмдэглэж авдаг байгаарай. Өөртөө төрсөн шинэ санаануудыг бодож байгаад л орхичих биш, тусад нь заавал тэмдэглэл хөтлө. Хэзээ нэг өдөр 5 жилийн өмнө бодож байсан санаа чинь биелэх цаг мөч ирэхэд хэрэг болж л таарна. Тэмдэглэл бүхэн хураасан эд хөрөнгө л гэсэн үг.

7. Аливааг хялбарчлах чадвар

Ямар нэг зүйлийг түргэн хугацаанд, илүү хялбархнаар ижилхэн үр дүнтэйгээр, мөн өөртөө ашигтайгаар хийх чадварыг өөртөө суулга. Хүнд ажлын өмнө очих болгондоо хэрхэн үүнийг “тийм” болгох вэ гэж өөрөөсөө асууж байгаарай. Тэгвэл ажилдаа ч, гэр бүлдээ ч, найз нөхөддөө ч түүртэхгүйгээр бүхнийг амжуулж сурна.

8. Хэлний мэдлэг

Өөртөө давуу талыг бий болгоход англи, орос хэл нэмэргүй болсон гэдгийг ойлгох хэрэгтэй. Нэг бол чи эднийг бусдаас хамаагүй илүү мэддэг байх, үгүй бол ямар нэг өөр хэлний мэдлэгтэй бол. Ажлынхаа зав чөлөөгөөр шинэ хэл сурч түүнийгээ хобби болго. Тэгээд яг хэрэгтэй цагт нь өөрийгөө мэдлэг чадвартай эмэгтэй гэдгийг нотолж хэлнийхээ чадварыг гарга. Ихэнх бизнес глобал харилцаан дээр суурилдаг болсон энэ үед тушаал дэвших том шалтгаан болдог юм шүү.

9. Ярианы чадвар

Ямар ч хурал цуглаан дээр хэлтсээ төлөөлөөд ярьчихдаг байгаарай. Албаны тодорхой үг хэллэг, хоолойны жигд тон, эгц шулуун харцыг өөртөө хэвшүүл. Хүсэж, бодож, тэмүүлж байгаа зүйлээ бусдын зүрхэнд буутал ярьж чаддаггүй бүсгүй түүндээ хүрэх боломжоос нэгээр хоцорно. Илтгэх чадварын сургалтанд суух юм уу, гэртээ хоолоо хийж байхдаа, харьж явахдаа өөртэйгөө ярьж “ярианы дүлий”-нээс өөрийгөө гаргаарай.

10. Хурдан бичих чадвар

Гараар бичих болон компьютерээр шивэхдээ хэзээ ч битгий цаг алдаж бай. Хурдан бичих чадварыг бий болгосноор цаг хэмнээд зогсохгүй ажлаа төлөвлөгөөтэй амжуулахад чинь тусална. Мөн удаан, алдаатай, үсгээ хайн бичиж байгааг чинь харсан хүмүүс тийм ч таатай байхгүй болов уу? Албан бичгийг яг таг боловсруулж, цаастай зууралдах ажлуудыг гялтгануулдаг бүсгүй байгаарай.





» буцах
Шинэ
Их уншсан
© Зохиогчийн эрхийг хуулийн дагуу Ээж - Хайрын аппликейшн эзэмшинэ. 2015 он