Зохистой хооллолтын шаардлагыг хүн бүр мэдэх хэрэгтэй

2016-10-27     11399

 

Дэлхий нийтээрээ эрүүл, зөв зохистой хооллохыг эрхэмлэдэг болсон өнөө үед зохицтой хооллолтын талаар мэдэхгүй хүн гэж магад байхгүй болсон биз ээ. Амруугаа орж буй хоолыг хоол болох уу? хор болох уу гэдгийг та өөрөө шийдэх ёстой тул та зайлшгүй дараах эрүүл, зөв зохистой хооллолтын талаар мэддэг байх хэрэгтэй юм аа. Бие махбодийн хэвийн үйл ажиллагааг хангахад зайлшгүй шаардлагатай шим тэжээлийн бодисуудыг зохимжтой харьцаагаар агуулсан хоолыг нас, хүйс, байгаль, цаг уурын нөхцөл, ахуй нөхцөл, хөдөлмөрийн нөхцөл, эрүүл мэнддээ тохируулан хэрэглэхийг зохистой хооллолт гэнэ.

Өдөр тутмын хэрэглэж байгаа хоол хүнс нь:

· Илчлэг, тэжээллэг

· Зохистой харьцаатай

· Тохиромжтой

· Зохистой хэмжээтэй

· Хүнсний эрүүл ахуйн аюулгүй байдлыг хангасан байх шаардлагатай.

Шаардлага тус бүрийг задалж үзвэл:

1. Илчлэг: Хоол тэжээлийн үндсэн илчлэгийг уураг, өөх тос, нүүрс ус бүрдүүлнэ. Нийт илчлэгийн 15-20%-г нь уураг /9% нь амьтны/, 20-25%-г нь өөх тос /10% нь ургамлын/, 50-70%-г нүүрс ус /60%/ эзлэхээр тооцно. Кальци ба фосфорын харьцаа 1:1,5 байна.

2. Тэжээллэг чанар: Хүнсний бүтээгдэхүүнд агуулагдах тэжээлийн бодисыг илчлэгийнх нь хэмжээнд харьцуулсан харьцааг хэлнэ. Хэдий чинээ илчлэг багатай ч тэжээлийн бодис ихтэй бол тэжээллэг чанар нь төдий чинээ өндөр байна. Жишээ нь нэг аяга сүү, кола хоёулаа ойролцоогоор 150 ккал илчлэг өгнө, нэг аяга сүү нилээд хэмжээний уураг, кальци, аминдэм агуулдаг бол кола ямар ч тэжээлийн бодисгүй хоосон байдаг.

3. Зохистой харьцаа: Энэ нь төрөл бүрийн хоол хүнсийг зөв зохицуулан хэрэглэхийг хэлнэ. Хүнс хоолны найрлага дахь шимт бодисын харьцаагаар илэрхийлэгдэнэ. Хоол хүнсэн дэх үндсэн шимт бодисын харьцаа нь:

уураг:өөх тос: нүүрс ус=1:0,7:4

4. Тохиромжтой: Хоолыг идэх хүний нас, хоол боловсруулах эрхтний онцлог, хоол боловсруулах, шингээх чадварыг харгалзан тохируулан бэлтгэж өгнө. Хоол боловсруулах, шингээх чадвар нь гүйцэд хөгжөөгүй эсвэл буурч буй хүний хоолонд хагас шингэн, зутан хэлбэртэй,махыг машиндаж, ногоо жимсгэнийг жижиглэн хэрчсэн, жигнэсэн чанах аргаар боловсруулсан байх

5. Зохистой хэмжээтэй: Ходоодыг хэт дүүргэхгүй, ходоодны 2/3-оос хэтрүүлэхгүй байх, удаан өлсгөхгүй, ходоодыг хоосон байлгахгүй. Үүний тулд шаардлагатай илчлэг тэжээлийн бодисуудыг аль болох бага эзэлхүүнт хангалттай агуулсан байвал хоолыг хэтрүүлж идэх шаардлагагүй болно. Хүний хоолны дуршлаас мөн хамаарна.

6. Аюулгүй байдлыг хангасан: Хүнсийг эрүүл ахуйн хувьд аюулгүй бэлтгэх ДЭМБ-ийн 10 алтан дүрмийг мөрдөх

· Хүнсний бүтээгдэхүүнийг зөв сонгож авах

· Хүнсний бүтээгдэхүүнийг бүрэн болгож хэрэглэх

· Болгосон хоолыг үлдэгдэлгүйгээр идэж дуусгах

· Үлдсэн хоолыг зөв хадгалах

· Болсон хоол хүнсийг жигд халаахдаа хоолыг жигд +70 цельсээс их хэмтэй болгож хэрэглэх

· Халуун боловсруулалт хийсэн хүнсийг түүхий бүтээгдэхүүнтэй холихгүй байх

· Гараа зөв угааж хэвших

· Гал тогооны бүх хэрэгслийг цэвэр цэмцгэр байлгах

· Шавьж, мэрэгч болон бусад амьтдаас хоол хүнсийг хамгаалах

· Эрүүл ахуйн хувьд аюулгүй ус хэрэглэх

 




» буцах
Шинэ
Их уншсан
© Зохиогчийн эрхийг хуулийн дагуу Ээж - Хайрын аппликейшн эзэмшинэ. 2015 он