Төрсний дараах үс уналтыг хэрхэн зогсоох вэ?

2016-11-02     15600

Төрсний дараа ээжүүд бидний биед ихээхэн өөрчлөлтүүд гардгийн нэг бол яах аргагүй үс унах асуудал байдаг. Амаржаад удаагүй байгаа ээжүүдийн хувьд тэр бүр гарч салоноор үйлчлүүлэх цаг, зав гардаггүй шүү дээ. Иймд хөөрхөн ээжүүддээ энэхүү асуудлыг гэрийн нөхцөлд хэрхэн шийдвэрлэх талаар танилцуулж байна.

 

Төрсний дараа эхийн биед гарах дааврын тогтолцоонууд алдагдсанаас ээжүүдийн маань биед гарах өөрчлөлтүүдийн нэг бол яах аргагүй үс уналт, хугаралт бүр зарим тохиолдолд  халзралт явагддаг.

Ялангуяа хүүхэд хөдөлгөөнд орж эхлэхэд ээжүүд бидний үс маш ихээр унаж, өглөө сэрмэгц дэрэн дээр улам бүр их үс унасан байхыг хардаг.

Үсээ угаах болон самнахад бөөн бөөн үс унасныг хараад их таагүй мэдрэмж төрдөг тиймүү ээжүүдээ.

Өдөр бүр хэдэн арван үс унаж байх ёстойг хөөрхөн ээжүүд минь мэдэх үү. Хамгийн гол нь энэ унаж буй үс өдрөөс өдөрт улам бүр нэмэгдээд буйг анзаарсан бол харин та үсэндээ анхаарал тавих хэрэгтэйн дохио юм.Гэвч дөнгөж төрсөн ээжүүдэд тэр бүр салонд очиж үйлчлүүлэх цаг зав гардаггүй шүү дээ. Тиймээс гэрийн нөхцөлд хэрхэн үсэндээ анхаарал тавих талаар дурьдвал юуны түрүүнд ямар шалтгаанаас болж үс унаж байгааг тодорхойлох хэрэгтэй.Үс маш олон шалтгаанаас болж унадаг.

Үүнд:

Тухайлбал:

• Ген, удамшлаас хамаарч,

• Дааврын тогтолцоо алдагдах,

• Биеийн дархлаа сулрах,

• Толгойн арьсны элдэв халдварт өвчин,

• Чихрийн шижин, шар, төмрийн дутагдлаас үүсэлтэй цус багадалт зэрэг дотрын өвчин,

• Химийн эмчилгээ, дааврын эм бэлдмэл хэрэглэх,

• Үс, хуйх, үсний угт цусан хангамж муудах,

• Үсний будаг, хими, халуун сэнс зэрэг гадаад хүчин зүйлс,

• Төрөлтийн дараах үс уналт,

• Экологийн хүчин зүйлс,

• Бүтэн ухаан алдуулалтад орох

• Буруу хооллох,

• Стресст орох үед үс унана.

Үс унах нь түр зуурын, халзралт гэж хоёр янз байна.

Төрсөн ээжүүдийн хувьд үс унах нь  түр зуурых тул санаа зоволтгүй  энэ үед цагт нь эмчилгээ хийлгэвэл хурдан хурдан сэргэж ургана. Харин патологийн үс халзралт найдвар багатай.

Халзралт нь ахимаг насны эрчүүдэд элбэг тохиолддог бөгөөд дух, толгойн оройн хэсгээс эхэлж халзарна.

Эрчүүдийн халзралт нь удамшлын шинжтэй байдаг. Гэхдээ бас буруу хооллолт нөлөөлдөг. Эрүүл, сайхан үстэй байх нь бие организмд В-гийн төрлийн аминдэм хангалттай байдагтай холбоотой. Иймд хөөрхөн ээжүүд минь В-амин дэмээр баялаг хоол хүнсийг хэрэглээрэй. Анхааруулж хэлэхэд тамхи нь биенд буй аминдэмийг шингээн устгадаг тул тамхи татах зуршлаасаа татгалзах хэрэгтэй шүү ээжүүдээ.

Үс нь эрс тэс цаг агаартай орчин хэт халуун, хүйтэн хэмд амархан унадаг тул малгай, алчуур зэргийг хэрэглэж байх шаардлагатай.

Эмэгтэйчүүдийн хувьд дааврын ялгаруулалтаас ихээхэн хамааралтай байдаг. Эмэгтэй гормон эстроген нь үсний насыг уртасгадаг бол эр гормон андроген нь харин ч эсрэгээрээ богиносгодог юм. Эмэгтэй хүний бие организмд дээрх хоёр гормон тэнцвэртэй байдаг ч цэвэршилт, төрөлт, дааврын эм бэлдмэл хэрэглэх үед баланс нь алдагдаж, эм гормон эстроген багассанаас болж үс унаж эхэлдэг.

Түр зуурын уналтыг хэрхэн эмчлэх вэ?

Ямар ч эмчилгээний үед гаргадаг хамгийн том алдаа бол хам шинжийг л арилгах гэсэн оролдлого юм. Симптом хам шинж нь зөвхөн гадаад илрэл нь. Гол нь өвчлүүлж буй үндсэн шалтгааныг нь тогтоох хэрэгтэй. Энэ нь үс уналтад ч хамаатай.

Төрсний дараа зарим ээжүүд сэтгэл гутрал болон хүчтэй стресст ордог тохиолдол байдаг шүү дээ энэ үед үс нэг сарын дотор л унадаг. Стресст орох шалтгаан олон янз ч удаан хугацааны курс эмчилгээ, эм бэлдмэл хэрэглэсний дараа стресст орж болно. Энэ тохиолдолд эмчтэйгээ зөвлөн хэрэглэж буй эм бэлдмэлээ солих хэрэгтэй.

Биеийн дархлаа суларснаас үс унадаг тул биеийн дархлаагаа сэргээх эмчилгээг даруй хийх шаардлагатай. Хуйх, толгойн арьсны өвчтэй, түүнийгээ эмчлүүлээгүй тохиолдолд ус уналтаас сэргийлсэн тэжээлийн маск тавьж арчилсан ч унасан хэвээр байх болно. Мөн та өвөл малгай өмсдөггүй бол толгойны цусан хангамж алдагдан үс унахад хүргэнэ. Малгай өмсөх дургүй бол ороолт зангидах, юүдэн өмссөн ч болно шүү дээ.

Энэ мэтчилэн үс унаж буй шалтгаанаа тогтоосон бол дараа нь эмчилгээний зөв хувилбарыг сонгоно. Тухайлбал:

Хуйхандаа иллэг хийх

Ингэвэл цусан хангамж сайжирч үсний угийг хэрэгцээт тэжээл, аминдэм, эрдэс бодисоор хангаж өгнө. Толгойгоо угаах үедээ хурууныхаа өндгөөр сайн иллэг хийж байх хэрэгтэй. Мөн орой бур унтахынхаа өмнө сойзон самаар толгойдоо иллэг хийж занших хэрэгтэй.

Тэжээлийн тосон маск

Эрэндийн тос, лошгын тос нь үс уналтыг зогсоох үйлчлэл үзүүлдэг. Иймд хуйхандаа түрхэн полиэтиленин малгай өмсч, 20 – 30 минут болсны дараа үсээ зөөлөн угаана. Мөн эмийн сангаар худалдаалж буй витамины сомплекс, Е-аминдэмийг хоёр хоёрыг тостой хольж хуйхандаа түрхээд, толгойгоо алчуураар битүү ороон 20-30 минутын  дараа угаавал маш сайн тэжээл болдог.

Тарагны маск

Хоормог тараг нь В аминдэмийн баялаг агууламжтай тул долоо хоногт нэг удаа маск тавьж занших хэрэгтэй.

Үс уналтаас сэргийлсэн шампунь хэрэглэ. Орчин үед ийм үсний шампунь, бальзам элбэг байдаг болсон.

Үсэндээ тэжээл өг

Үүний тулд В аминдэмээр баялаг хоол хүнс хэрэглэ. Мөн цитрусын төрлийн жимс, киви ид.

Хэрвээ төрөлт болон цэвэршилттэй холбоотой шалтгаанаар үс унаж буй бол дааврын үйл явц хэвийн болохыг хүлээхээс өөр аргагүй. Гэхдээ үс унахаас сэргийлсэн арчилгааг байнга хийж байх хэрэгтэй шүү хөөрхөн ээжүүдээ !.

Халзралтыг хэрхэн эмчлэх вэ?

Хэрвээ патологийн шалтгаанаар үс халзралт явагдаж буй бол мэргэжлийн эмчид хандах хэрэгтэй. Ингэснээр цус, дааврын, спектрын болон био шинжилгээ хийж үс уналтын шалтгааныг нарийвчлан тогтооно. Шинжилгээний хариуг үндэслэн комплекс эмчилгээг явуулна. Шинжлэх ухаан хөгжихийн хэрээр шинэ эмчилгээ, шинэ технологи нэвтэрч буй тул түүнийг судлан зөв сонголт хийх л хэрэгтэй. Эмчилгээ хийхийн зэрэгцээ халзралтын эсрэг иллэг, маск мөн стресс тайлах эмчилгээг зэрэг явуулах шаардлагатай юм шүү хөөрхөн ээжүүдээ.





» буцах
Шинэ
Их уншсан
© Зохиогчийн эрхийг хуулийн дагуу Ээж - Хайрын аппликейшн эзэмшинэ. 2015 он