АГААРЫН БОХИРДОЛ БЯЦХАН ҮРСИЙН МААНЬ ЭРҮҮЛ МЭНДЭД ЗАНАЛХИЙЛСЭЭР БАЙНА

2016-12-19     29891

Энэ сар гарснаас хойш тав болон түүнээс бага насны 18 хүүхэд уушигны хатгаа зэрэг амьсгалын цочмог өвчлөлийн улмаас хорвоог орхисон харамсалтай судалгааг БЗД-ын эрүүл мэндийн төвийн эмч М.Саранцэцэг мэдээллээ. Нийслэлийн дүүргүүдийн нэгдсэн эмнэлэгүүдэд өдөрт гэхэд л 50-60 хүүхэд амьсгалын замын өвчтэй гэсэн шалтгаанаар ирж хэвтэн эмчлүүлж зарим нь гэрээр эмчилгээ бичүүлээд буцаж байгаа юм. Агаарын бохирдол гамшгийн хэмжээнд хүрснээс үүдэн бага насны хүүхдийн ханиад томуу хүндэрч улмаар хатгаа болох эрсдэл нэмэгдээд байна.

Түрүү сард БЗД-т хорвоотой танилцаад ганцхан сар болж байсан нярай хатгааны улмаас нас барсан харамсалтай тохиолдол хүртэл гарсан талаар дүүргийн эмнэлэгийн эрхлэгч мэдээлсэн. Харамсалтай нь агаарын бохирдлоос үүдэн өвдөж байгаа нялхсын тоо ирэх дөрвөн сарын хугацаанд нэмэгдэх хандлагатай байгааг ч анхаарууллаа. Бага насныхан ханиад томуу, амьсгалын замын өвчнөөр өвдөж хүндрэх тохиолдол их байгаа нь тэд өглөө эд утааны үеэр сургууль, цэцэрлэгтээ явдагтай холбоотой гэж эмч нар тайлбарлаж байгаа юм. Өнөөдрийн байдлаар бараг бүхий л эмнэлэгийн хүүхдийн тасгууд ачааллаа дийлэхгүй ажиллаж зарим нь коридорт хүртэл гудас дэвсээд хэвтэж байгаа тохиолдол цөөнгүй байгаа нь даанч харамсалтай. Бага насны хүүхдийн эртхэн тогтолцоо бүрэн хөгжөөгүй байдаг учраас агаарын бохирдлын хор хөнөөлын гол бай болдог байна. Хамгийн түрүүнд бяцхан үрсийнхээ эрүүл мэндийн төлөө бид агаарын бохирдолтой яаралтай тэмцэх, энэ талаархи боловсролоо дээшлүүлэх шаардлага тулаад байна.

Нийслэл хот өнөөдөр 1,3 сая орчим оршин суугчтай байгаа бол тэдний талаас илүү хувь нь буюу 800 мянга гаруй нь гэр хорооллын бүсэд амьдарч байгаа билээ. Иргэдийн амжиргааны түвшин хүнд хэцүүгээс үүдээд зарим айлууд зориулалтын бус түлшээр гэрээ дулаацуулж байна. Харамсалтай нь хүйтний улирал дахиад дөрвөн сар үргэлжилнэ. Энэ хугацаанд бид утаатай зөвхөн амаараа тэмцэж бяцхан үрсийнхээ эрүүл мэндийг хутганы ирэн дээр тавьсаар байх уу? Агаарын бохирдлын улмаас ургийн гажиг, дутуу төрөлт, зулбалт, цаашлаад аутизтай хүүхэд төрөх эрсдэл нэмэгддэгийг ДЭМБ-аас анхааруулсаар байна.

Жирэмсэн эх төрөхөөс өмнөх гурван сардаа заавал цэвэр агаарт байх ёстой. Эс бөгөөд аутизмтай хүүхэд төрөх эрсдэл хоёр дахин нэмэгддэг. Мөн 1-3 сарын хооронд дутуу төрөлт болон зулбалт огцом нэмэгддэг зэрэг харамсалтай боловч бодит судалгаа байна. Манай улсын агаарын бохирдлын асуудал гадны мэдээллийн хэрэгслүүдийн ч онцлох сэдэв болоод удаж байна. Та бүхэнд томоохон хэвлэл мэдээллийн сайтууд манай улсын агаарын бохирдлын өнөөгийн байдлыг хэрхэн өгүүлснийг хүргэж байна.

СИНЬХУА АГЕНТЛАГ: АГААРЫН БОХИРДОЛ ИРГЭДИЙН ЭРҮҮЛ МЭНДЭД АЮУЛ УЧРУУЛАХУЙЦ ХЭМЖЭЭНД ХҮРЛЭЭ

http://news.xinhuanet.com/english/2016-12/07/c_135888318.htm

Монгол улсын нийслэл Улаанбаатар хотод иргэдийн, тэр дундаа бага насны хүүхдийн дундах уушигны хатгаа, амьсгалын замын өвчлөл бусад бүсүүдийнхээс 9 дахин их байна. НҮБ-ын Хүүхдийн сангийн Монгол дахь суурин төлөөлөгч Роберто Бенес Засгийн газар болон олон нийт бага насны хүүхдийн эрүүл мэндэд заналхийлж байгаа агаарын бохирдолтой тэмцэх яаралтай арга хэмжээ авах шаардлагатай байгааг онцоллоо. Мөн арга хэмжээ авахын тулд заавал их хэмжээний хөрөнгө оруулалт шаардахгүйг ч дурьдсан юм. Тэрээр “Агаарын бохирдолтой тэмцэхэд иргэдийн боловсрол чухал гэдгийг онцолж бүхий л сургууль цэцэрлэгт агаар шүүгчийг яаралтай тавих шаардлагатай байна” гэжээ.

БЛУМБЕРГ АГЕНТЛАГ: МОНГОЛ УЛС АГААРЫН БОХИРДОЛТОЙ ТЭМЦЭХ ТӨСВИЙГ НЭМЭГДҮҮЛЭХИЙГ УРИАЛЖ БАЙНА

https://www.bloomberg.com/news/articles/2016-11-28/mongolia-vows-to-fight-smog-even-as-funds-diverted-to-budget-gap

Улаанбаатар хотын гэр хорооллын бүсэд ус, халаалт, зам, ариун цэврийн байдал хүнд байдаг. Олон мянган малчин иргэд хотод суурьшин ирснээр гэр хорооллын бүсийн хүрээ сүүлийн олон арван жилийн турш тэлэгдсээр байгаа юм. Дэлхийн хамгийн хүйтэн нийслэлүүдийн нэг Улаанбаатар хотод, тэр дундаа гэр хорооллын бүсэд өвөлдөө агаарын бохирдол дээд цэгтээ хүрээд байна. Нүүрсний хэрэглээ, автомашины утаа агаарын бохирдлын гол шалтгаан болж цаашлаад хорт хавдар, дутуу төрөлт, ургийн гажиг зэргийн шалтгаан болж байгаа юм. 2017 онд тус улс агаарын бохирдолтой тэмцэх ажилд 5 тэрбум төгрөгийг төсөвлөсөн байна.

ГУАРДИАН АГЕНТЛАГ: НАС БАРАЛТАЙН 10 ШАЛТГААН ТУТМЫН НЭГ АГААРЫН БОХИРДОЛТОЙ ХОЛБООТОЙ БАЙНА

https://www.theguardian.com/world/2013/oct/20/ulan-bator-killer-winter-stoves  

Монгол улсын нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдол олон нийтийн эрүүл мэндэд заналхийлж цаашлаад бага насны хүүхэд, жирэмсэн эхчүүдийн эндэгдэл ихэсч байна. 2004-2008 оны хооронд амьсгалын замын өвчлөл 45 хувиар өссөн гэх судалгаа байгаа юм. Мөн ургийн гажиг эрс өссөн байна. Өнөөдөр тус улсад агаарын бохирдлоос үүдэлтэй уушигны хатгалгаа нялхсын эндэгдлийн 15 хувийг эзэлж байгаа юм.





» буцах
Шинэ
Их уншсан
© Зохиогчийн эрхийг хуулийн дагуу Ээж - Хайрын аппликейшн эзэмшинэ. 2015 он