УЛААНБААТАР ХОТЫН АГААРЫН БОХИРДОЛ БЭЭЖИНГИЙН АГААРЫН БОХИРДЛООС 3 ДАХИН ИХ БАЙНА.

2016-12-21     13443

Монгол улсын агаарын бохирдлын тухай бид жил бүрийн аравдугаар сараас гуравдугаар сар хүртэл эрчимтэй ярьж, шүүмжилж, мэтгэлцдэг. Гуравдугаар сарын сүүлээс хүйтний эрч суларч, гэр хорооллын айл өрхүүд ч түүхий нүүрсээр галлах нь багасч утаа шингэрэхэд мартдаг нь гэм биш зан гэлтэй.

Саяхан манайдаа томоохонд тооцогддог телевизийн сувгуудаар БНХАУ-ын сэтгүүлчийн бэлтгэсэн “Утааны эх орон” хэмээх баримтат нэвтрүүлэг гарч хэд хоногтоо л цахим хэрэглэгчдийн ярианы сэдэв болсон. Гэвч тун удалгүй “моод”-ноос гарч мартагдсан.

Хятад сэтгүүлчийн үзүүлсэн тоо баримт, тус улсын иргэдийн амь насанд заналхийлсэн гэх агаарын бохирдлын хэмжээ Улаанбаатар хотынхоос даруй 3 ДАХИН БАГА.

Монгол улсын нийслэл энэ гараг дээрх хамгийн их агаарын бохирдолтой хот гэхэд хилсдэхгүй. Хүн амын бараг тал хувь нь амьдардаг Улаанбаатар хотын хүн амын нийт нас баралтын ойролцоогоор 10 хувь нь агаарын бохирдлоос үүдэлтэй гэдгийг олон улсын байгууллагын судалгаагаар тогтоожээ.

УТАА гэсэн дөрөвхөн үсэгнээс бүтсэн аюулын харанга хүн төрөлхтнийг хэрхэн чимээгүй ангуучилж байгааг цөөн баримтаар дурьдвал . . .

PM2.5 нь хүний үснээс 100 дахин бага хэмжээтэй, амьсгал авахад энэ нь уушигны гүн рүү нэвтэрдэг. Энэ тоосонцор нь бие махбодид шууд нөлөөлөх ба цусанд шингэж ордог.

PM10  болон PM2.5- тоосонцорын эрүүл мэндэд хортой түвшинд өртөх нь богино болон урт хугацааны эрүүл мэндийн хүндрэл учруулдаг. Үүнд:

  • Богино хугацааны эрүүл мэндийн хүндрэл нь дээд замын амьсгалын өвчлөл бронхит, хатгалгаа болон нүдний цоорол
  • Удаан хугацааны эрүүл мэндийн хүндрэлүүд нь архаг амьсгалын замын өвчлөл, зүрхний өвчлөл, уушигны хавдар, мэдрэл, тархи, элэг болон бөөрөнд ноцтой хүндрэл учруулдаг.
  • Улаанбаатар хот дахь агаарын бохирдлоос үүдэлтэй нийт нас баралтын 70 хувийг зүрхний өвчлөл болон уушигны хавдар эзэлж байна.
  • Монгол хүн уушигны өвчлөлийн улмаас нас баралтын тоогоороо дэлхийд нэгдүгээрт, элэгний өвчлөлөөрөө дэлхийд гуравдугаарт бичигддэг нь утаатай ямар нэг сэжмээр холбоотой гэдгийг эмч мэргэжилтнүүд хэлж байна.  

Улаанбаатарыг дэлхий дахины бусад агаарын бохирдолтой хотуудтай харьцуулбал:

Байнгын агаарын бохирдолд өртөсний улмаас дэлхий дахинд 5.5-7 сая хүн амь насаа алдаж байна. Түүнчлэн жил болгон 3.5 САЯ ХҮҮХЭД амьсгалын дээд замын өвчлөлүүдийн улмаас амь насаа алдаж гэр бүлийнхэндээ уй гашууг амсуулж байна. Амь насаа алдсан хүүхдүүдийн 75 хувь нь агаарын бохирдлоос үүдэлтэй хатгалгааны улмаас амь насаа алджээ.

Харин Улаанбаатар хотын хүн ам ДЭМБ-ийн зөвшөөрөгдсөн хэмжээнээс илүү их хэмжээний агаарын бохирдолд өртөж байна. Агаарын бохирдолд өндөр настан, жирэмсэн эхчүүд, бага насны хүүхдүүд хамгийн их өртдөг.

Улаанбаатар хот дахь өвлийн саруудын үр зулбалт нь зуны саруудын үр зулбалтаас илүү их. Хүүхдүүд жин багатай болон дархлааны систем нь хөгжиж гүйцээгүйн улмаас агаарын  бохирдолд өртөх өртөлт нь насанд хүрсэн хүнийхээс илүү их эмзэг. Хүүхдийн уушгинд учруулах хохирол нь тэдний насанд туршийн амьдралын сайн сайханд сөргөөр нөлөөлдөг нь гарцаагүй.

 

 





» буцах
Шинэ
Их уншсан
© Зохиогчийн эрхийг хуулийн дагуу Ээж - Хайрын аппликейшн эзэмшинэ. 2015 он