ЖИРЭМСНИЙ ҮЕИЙН ГОО САЙХНЫ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ХЭРЭГЛЭЭ

2017-01-10     32570

Жирэмсэлсэн үеэс эхчүүдийн хэрэглэж байгаа болон хэрэглэхгүй байгаа бүхэн хүүхдийн эрүүл өсөлт хөгжилд нөлөөтэй гэдгийг бид мэднэ. Эхчүүд ихэвчлэн идэж, ууж буй зүйлсдээ илүү их анхаардаг. Гэвч биеийн гадуур хэрэглэж буй зүйлс ч мөн чухал нөлөөтэй гэдгийг санах хэрэгтэй.

Жирэмсэн эхчүүд өдөр тутамдаа их хэмжээний чийгшүүлэгч тос түрхэж байхдаа тэр нь арьсаар дамжин биед шингэж байгаа гэдгийг төдийлөн анзаардаггүй. Хэвлийд ураг бойжиж байгаа үед үүнийг онцгой анхаарах хэрэгтэй.

“Таны идэж, түрхэж, харилцаанд орж байгаа бүхэн та болон таны хүүхдэд нөлөөлдөг” гэж Жонсон Арьсны Эмнэлгийн эмч Сандра Жонсон сануулж байна.

“Зарим бодисууд арьсаар дамжин цусанд ордог учраас хүүхдэд хортой нөлөө үзүүлж болзошгүй бодисуудаас татгалзах хэрэгтэй” – Миамигийн Их Сургуулийн арьс судлалын профессор Лесли Бауман.

Гоо сайхны бүтээгдэхүүний үйлчилгээ хүчтэй болж, хэрэглээ нь нарийсан тусам эдгээр бүтээгдэхүүнээс жирэмсний үед болгоомжлох хэрэгтэй. Өргөн хэрэглээний гоо сайхны бүтээгдэхүүнүүд аюул багатай ч тэдгээрт ордог зарим бодисууд өсөж буй урагт сөрөг нөлөөтэй байдаг. Тиймээс бид танд гоо сайхны бүтээгдэхүүн авахдаа ямар бодисуудаас болгоомжлох шаардлагатай талаар зөвлөмжийг хүргэж байна.

РЕТИНОЙД /RETINOIDS

Ретинойд нь зарим хөгшрөлтийн эсрэг бүтээгдэхүүнд ордог бөгөөд үрчлээ багасгах, арьсны өнгө сэргээх үйлчилгээтэй байдаг. Ретинойд нь А амин дэмийн нэг хэлбэр бөгөөд эсийн хуваагдлыг хурдасгаж, арьс шинэчлэгдэх явцыг сайжруулж, арьсны коллагеныг задрахаас сэргийлдэг.

Хэдий тийм ч арьсны мэргэжилтнүүд жирэмсэн үед ретинойдоос татгалзахыг зөвлөдөг. Судалгаагаар жирэмсэн үед А амин дэмийн хэмжээ өндөр байх нь ургийн гажиг үүсэхэд нөлөөлдөг болохыг тогтоосон байна. Батга эмчлэх зориулалттай дотуур уудаг ретинойдууд /Аккутэйн буюу изотретинион/ нь ургийн гажиг үүсгэдэг.

Хэрвээ санаандгүй ретинойдтой тос хэрэглэж байснаа мэдсэн бол сандрах хэрэггүй. Гадуур хэрэглэсэн тохиолдолд жирэмсэн эхэд мэдэгдэхүйц нөлөө үзүүлсэн тохиолдол байхгүй, ерөнхийдөө урьдчилан сэргийлэх зорилгоор хэрэглэхээ болих хэрэгтэй.

Гоо сайхны бүтээгдэхүүний шошго дээрх нэршил:

  • Differin (adapelene)
  • Retin-A, Renova (tretinoin)
  • Retinoic acid
  • Retinol
  • Retinyl linoleate
  • Retinyl palmitate
  • Tazorac and avage (Tazarotene)

Дүгнэлт: Хэрэглэхээс зайлсхийх

САЛИЦИЛИЙН ХҮЧИЛ

Энэхүү зөөлөн үйлчилгээтэй хүчил нь батгашилтын эсрэг үйлчилгээтэй бүтээгдэхүүнүүдэд ихэвчлэн агуулагддаг. Салицилийн хүчил нь тосыг арьсны гүнд шингээж, арьсны үхмэл эд эсүүдийг цэвэрлэх үйлчилгээтэй. Салицилийн хүчил нь аспирины төрлийн бодис бөгөөд улайлт, үрэвслийг дарах үйлчилгээ давхар үзүүлдэг. BHA буюу бета гидрокси хүчил нь салицилийн хүчлийн нэг төрөл бөгөөд хөгшрөлтийн эсрэг үйлчилгээтэй гуужуулагчнуудад агуулагддаг.

Салицилийн хүчлийг жирэмсэн эхчүүд хэрэглэхээс аль болох татгалзах хэрэгтэй. Бага хэмжээгээр тоник байдлаар ашиглах нь аюулгүй гэж арьсны эмч зөвлөж байна. Харин салицилийн хүчилтэй гуужуулагчийг огт хэрэглэх хэрэггүй. Арьсаа гуужуулах зорилгоор салицилийн хүчлийг шингээх нь нэмэлтээр аспирин ууж байгаатай адил нөлөөтэй байдаг. Арьсаа химийн зориулалттай бүтээгдэхүүнээр гуужуулахаар шийдсэн бол мэргэжлийн гоо заслын эмнэлэгт хандах хэрэгтэй гэдгийг эмч сануулж байна.

Гоо сайхны бүтээгдэхүүний шошго дээрх нэршил:

  • Salicylic acid
  • Beta hydroxy acid
  • BHA

Жич: Alpha hydroxy acids буюу альфа гидрокси хүчил нь /AHA, glycolic acid эсвэл lactic acid гэж тэмдэглэсэн байдаг/ хэрэглэхэд аюулгүй.

Дүгнэлт: Хэрэглэхээс зайлсхийх

БУУРЦАГНЫ ТОС

Зарим ээжүүд аюулгүй байдлын үүднээс байгалийн гаралтай гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэдэг. Жишээ нь буурцагны тостой бүтээгдэхүүнүүд.

Буурцагны тос агуулсан лосьон, тоснууд нь урагт үзүүлэх гаж нөлөөгүй хэдий ч жирэмслэлтийн үеийн арьсны сэвх толбыг илүү даамжруулдаг. Бергамотын тос мөн ийм нөлөөтэй.

Буурцаг нь эстроген даавартай адил нөлөөтэй учраас жирэмсний үед бий болдог мелазма толбыг нэмэгдүүлэх, илүү тодруулах нөлөөтэй.

Гоо сайхны бүтээгдэхүүний шошго дээрх нэршил:

  • Lethicin
  • Phosphatidylcholine
  • Soy
  • Textured vegetable protein (TVP)

Дүгнэлт: Та бараан арьстай, эсвэл арьсан дээр мелазма үүсч байгаа бол бууцагтай бүтээгдэхүүнээс зайлсхийх хэрэгтэй. “Active Soy” буюу буурцагны эстроген үйлчилгээтэй бодисыг нь салгасан бүтээгдэхүүн ашиглаж болно. Урагт гаж нөлөө үзүүлэхгүй.

БАТГАШИЛТЫН ЭСРЭГ БҮТЭЭГДЭХҮҮНҮҮД

Эстроген дааврын түвшин өөрчлөгдсөнөөс ихэнх эмэгтэйчүүд жирэмслэлтийн эхний 3 сард батгаших хандлагатай байдаг. Хэрэв танд жирэмсний батгашилт үүссэн бол арьсны эмчид хандаж урагт аюулгүй антибиотиктой гадуур хэрэглэх тос бичүүлж авах хэрэгтэй.

Хэрвээ заавал арьсны эмч дээр очих шаардлагагүй гэж үзвэл Бауман эмч 2%-ийн салицилийн хүчил агуулсан нүүр угаагч ашиглахыг зөвлөж байна. Энэ хэмжээний салицилийн хүчил нь урагт нөлөө үзүүлдэггүй байна.

Батганы эсрэг үйлчилгээтэй лосьон, гель, тоснуудаас татгалзах хэрэгтэй.

Гоо сайхны бүтээгдэхүүний шошго дээрх нэршил:

  • Beta hydroxy acid
  • BHA
  • Differin (adapelene)
  • Retin-A, Renova (tretinoin)
  • Retinoic acid
  • Retinol
  • Retinyl linoleate
  • Retinyl palmitate
  • Salicylic acid
  • Tazorac and avage (Tazarotene)
  • Tretinoin

Дүгнэлт: Арьсны эмчээс зөвлөгөө авч, зөөлөн цэвэрлэгч ашиглаарай.

ИЛҮҮДЭЛ ҮС ГУУЖУУЛАГЧ БОЛОН АРИЛГАГЧ

Биеийн илүүдэл үс гуужуулагч болон үсний ургалт удаашруулагчид нь зааврын дагуу хэрэглэсэн тохиолдолд жирэмсэн эх болон урагт сөрөг нөлөө үзүүлдэггүй. Жирэмсэн үед арьс энгийн үеийнхээс илүү эмзэг болдог учраас эдгээр бүтээгдэхүүн нь харшлын шинжтэй нөлөө үзүүлэх магадлалтай учраас биендээ түрхэхийн өмнө арьсны жижиг хэсэг дээрээ түрхэж шалгаж байгаарай.

Гоо сайхны бүтээгдэхүүний шошго дээрх нэршил:

  • Potassium Thioglycolate (гуужуулагч)
  • Calcium Thioglycolate (гуужуулагч)
  • Sodium Hydroxide (ургалт удаашруулагч)
  • Sanguisorba Officinalis Root Extract (ургалт удаашруулагч)
  • Hydrolyzed Soy Protein (ургалт удаашруулагч)

Дүгнэлт: Хэрэглэхэд аюулгүй

НАРНЫ ТОС

Нарны тосонд агуулагдах бодисууд нь арьсны гүнд төдийлөн нэвчдэггүй, нэвчсэн ч маш бага хэмжээгээр байдаг учраас урагт ямар нэг нөлөө үзүүлдэггүй. “Би хувьдаа титанийн диоксид эсвэл цайрын оксидтой тосыг илүүд үздэг. Эдгээр нь хамгаалалт сайтайгаас гадна арьсны гүнд нэвчдэггүй. Түүнчлэн 10:00-16:00 цагийн хооронд нарны шууд тусгалаас зайлсхийж, нарны малгай, шил, битүү хувцас өмсөж, 2 цаг тутамд нарны тосоо сэргээж түрхэх хэрэгтэй.” – арьсны эмч Жонсон.

Гоо сайхны бүтээгдэхүүний шошго дээрх нэршил:

  • Titanium dioxide
  • Zinc oxide
  • Avobenzone
  • Oxybenzone
  • Dioxybenzone
  • Benzophenone
  • Octyl methoxycinnamate (OMC)
  • Para-aminobenzoic acid (PABA)
  • Octocrylene

Дүгнэлт: Хэрэглэхэд аюулгүй

НҮҮРНИЙ БУДАГ

Жирэмсэн үед хэрэглэж буй нүүрний будагны найрлагад анхаарах хэрэгтэй. "noncomedogenic" эсвэл "nonacnegenic" гэсэн шошготой нүүрний будаг нь тос агуулаагүй байдаг бөгөөд арьсны нүх сүвийг бөглөдөггүй. Ийм бүтээгдэхүүнүүдийг ашиглахад аюулгүй. 

Өмнө нь хэлж байсанчлан ретинойд болон салицилийн хүчил агуулсан будагнаас зайлсхийх хэрэгтэй. Жирэмсэн үедээ онцгой болгоомжтой байна гэвэл “Minerals-only” буюу байгалийн эрдэс бодис ашигласан гоо сайхны бүтээгдэхүүн ашиглахыг зөвлөдөг байна. Эдгээр бүтээгдэхүүн нь ихэвчлэн арьсны гүнд нэвчдэггүй бөгөөд арьсанд цочрол үүсгэдэггүй. 

Гоо сайхны бүтээгдэхүүний шошго дээрх нэршил:

  • Differin (adapelene)
  • Retin-A, Renova (tretinoin)
  • Retinoic acid
  • Retinol
  • Retinyl linoleate
  • Retinyl palmitate
  • Tazorac and avage (Tazarotene)
  • Tretinoin

Дүгнэлт: Ретинойд, салицилийн хүчилтэй бүтээгдэхүүнээс зайлсхийх. Бусдаар аюулгүй. 

Хэрвээ таны хэрэглэж байсан гоо сайхны бүтээгдэхүүнд дээр дурдсан бодисуудаас орсон байвал, сандраад хэрэггүй. Зүгээр хэрэглэхээ зогсоож, илүү аюулгүй бүтээгдэхүүн сонгоорой. 

Өргөн хэрэглээний гоо сайхны ихэнх бүтээгдэхүүн аюул багатай байдаг бөгөөд биеийн талбайн 10% хүртэлх хэсэгт түрхвэл, тогтолцооны сөрөг нөлөө үзүүлээд байхгүй гэж эмч зөвлөж байна. 





» буцах
Шинэ
Их уншсан
© Зохиогчийн эрхийг хуулийн дагуу Ээж - Хайрын аппликейшн эзэмшинэ. 2015 он