ХЯНАЛТЫН ЭМНЭЛГИЙН ӨРТӨӨ

2016-02-28     16070

Эхний ээлжинд та өөрийн харьяа өрхийн эмнэлгийн эмчид үзүүлэн жирэмсэн эсэхээ батлах ёстой. Эмч жирэмсний сорилоор шинжилнэ. Ингээд сорил 2 зураастай гарвал өрхийн эмч танд жирэмсний хяналтын дэвтэр нээж өгнө.  Ингэснээр та жирэмсний анхны үзлэгтээ хамрагдаж байгаа хэрэг юм. Дэвтэр дээр байгаа хяналтын хүснэгтийн дагуу таны өмнөх болон одоогийн биеийн байдал, гарсан өөрчлөлтүүд, удамшлын өвчин, нөхрийн эрүүл мэнд, ажил эрхлэлт зэрэг асуултын хариуг авна. Дараа нь тэмбүүгийн сорил хийж тэмдэглэгээ бичнэ. Хэрэв сорил эерэг гарвал танд тэмбүүгийн эсрэг эмчилгээ бичиж, эмчлүүлэх зөвлөгөө өгнө. Үүний дараа эрүүл жирэмслэлтийг дэмжихээр дараах шинжилгээнүүдийг хэлж, дүүргийн нэгдсэн эмнэлэгт  цаг товлож өгнө.

Анхны үзлэг маань 12 долоо хоногоос өмнө үзүүлэх хэрэгтэй. Уг үзлэгээр жирэмсний хугацааг тодорхойлох, жирэмсний эрсдлийг илрүүлэх, жирэмсэнг тээлгэх эсэх асуудлыг тодруулдаг байна. Үүний тулд таны биеийн ерөнхий үзлэг, үтрээний болон толины үзлэгийг үзнэ. Анхны үзлэгээр дараах шинжилгээнүүдийг авна. Хэт авиан шинжилгээ, цусны бүлэг, Резус бүлэг тодорхойлох, цусны ерөнхий шинжилгээ /гемоглобины хэмжээг тодорхойлох/, шээсний ерөнхий шинжилгээ /уураг тодорхойлох/, үтрээ, умайн хүзүүний наацын шинжилгээ, элэгни В, С вирус илрүүлэх шинжилгээ, сүрье илрүүлэх асуумж авах зэрэг шинжилгээнүүдийг авна. Шаардлагатай бол бусад мэргэжлийн эмчид үзүүлэхээр таныг илгээж болно. Харин эмч танд дараах зөвлөгөөнүүдийг өгөх ёстой. Үүнд: Жирэмсний хяналтын ач холбогдол, амны хөндийн эрүүл мэнд, эмийн аюулгүй хэрэглээ, амин дэм, эрдэс бодис, фолийн хүчил, төмөр уухын ач холбогдол, бэлгийн замын халдварт өвчин, түүнээс сэргийлэх тухай, хорт зуршил, архи тамхины хор, гэр бүлийн оролцоог дэмжих, жирэмсний хяналтын дэвтрийн тухай, пренатал илрүүлгийн талаар мэдээлэл өгөх юм.

Жирэмснийхээ хугацаанд хэвийн жирэмсэн ээж бол 6 удаа, харин өндөр эрсдэлтэй жирэмсэн бол 8 удаа жирэмсний хяналтын эмчдээ үзүүлэхээр уг өртөөгөөр дайрах юм.

Жирэмсний есөн сарын хугацаанд нэгээс олон эмчид үзүүлэх магадлалтай тул үзлэгт очих бүртээ жирэмсний хяналтын дэвтрээ заавал авч яваарай. Үзлэгт очих болгондоо асуух зүйл байвал чөлөөтэй асууж, үзлэг хооронд тохиолдох зүйлийг дараа  нь тодруулахаар бичиж хадгалаарай. 





» буцах
Шинэ
Их уншсан
© Зохиогчийн эрхийг хуулийн дагуу Ээж - Хайрын аппликейшн эзэмшинэ. 2015 он