ГЭР БҮЛИЙН ӨРТӨӨ

2016-03-06     15094

Аялалд гарсан эхний өдрөөс эхлэн хайрт хосууд бие биетэйгээ ярилцах цагийг тогтмол гаргаж хэвшүүлэх хэрэгтэй. Учир нь жирэмслэлт нь хэн хэнийх нь сэтгэл түгшээсэн мөчүүд байх бөгөөд хэрхэн хүлээж авах, цаашид яах хэрэгтэй вэ? гэдгийг шийдвэрлэхэд туслах хамгийн сайн арга юм. Та хоёрт мөнгө, ажил, амралт, эрүүл жирэмслэлтэнд бэлтгэх үйл явц гээд хэд хэдэн асуудал эхнээсээ тулгарна. Үүнд тайван байх хэрэгтэй. Танд жирэмсэн үеийн 257 хоног байгаа тул та хоёрт ярилцаж бие биеэ ойлгох нь олон олон асуудлыг ээлж дараалалтай шийдвэрлэх хугацаа байна гэсэн үг юм.

Аав, ээж болох үүрэг, хариуцлага

Та нар сайн аав ээж байж чадах болов уу гэж эргэлзэж болох юм. Тэгвэл та өөрийн бага байх үеэ санаарай. Бага насныхаа дурсамжаасаа юуг нь үлдээгээд юуг нь өөрчилмөөр байгаагаа санаад ямар хайр халамжаар нөхрөө эсвэл эхнэрээ халамжлах вэ? Хүүхдээ ямар орчинд өсгөх вэ? ямар үлгэр дурайлал үзүүлж зөв хүн болгох вэ? гэдгээ одооноос бодон хэрэгжүүлж эхлээрэй.

Бидний амьдран буй нийгэм ээж нарт үр хүүхдээ өсгөх, аав нарт гэр бүлээ тэжээх үүрэг өгч байна. Гэвч хүүхдүүд аавтайгаа ч хамт байх хэрэгтэй байдаг. Судлаачид аавтайгаа харилцах харилцаа нь “эрүүл чийрэг” нэгэн болж өсөхөд нөлөөлдөг гэдгийг баталжээ.

Эмэгтэйчүүд хөдөлмөр эрхлэхийн хажуугаар янз бүрийн өөрчлөлтүүд гарч, уламжлалт гэр бүлийн харилцаа хувирч байгаа ч хүүхдээ асрах үүрэг хэвээр байсаар байна. Жишээлбэл хүүхдийн хүмүүжил гэхэд юуны өмнө эхчүүд санаанд орно. Хүүхдээ өсгөх хүмүүжүүлэх үүргийг эхчүүд хүлээдэг бөгөөд аав нар нь гэр бүлээ материаллаг зүйлсээр хангадаг. Хэдийгээр нийгэм өөрчлөгдөн байгаа ч энэ аргагүй үнэн байдал юм. Гэтэл хүүхдүүдэд эхийн зэрэгцээ эцэг нь ч хэрэгтэй.

Бага насандаа аавтайгаа хэрхэн харилцаж байсан нь насанд хүрэхдээ бусадтай харилцах харилцаанд нөлөөлдөг гэдгийг шинжлэх ухаан баталжээ. Өөрөөр хэлбэл эцэг хүү хоёрын эрүүл харилцаа нь ирээдүйд өөртөө итгэлтэй, амжилттай нэгэн болоход нөлөөлдөг байна.

Аав нар итгэл найдвар төрүүлэгч байдаг

Нэгэн сэтгэлзүйч өнөөг хүртэл хийсэн сэтгэлзүйн эмчилгээнийхээ үр дүнг нэгтгээд насанд хүрсэн эрэгтэй, эмэгтэй хүмүүс өөртөө итгэх итгэлгүй, зүрх зориггүй, дотоод сэтгэлээ нуудаг, ажил амьдралдаа амжилттай байж чаддаггүйн учир нь ихэвчлэн бага насандаа аавтайгаа дотно сайхан харилцаатай байгаагүй, эсвэл огт харилцдаггүй байснаас болсон гэж үзэж байна. Тэрээр хэлэхдээ: “Үүний гол шалтгаан нь итгэлцэл юм. Учир нь хүүхэд хайр халамжийг ээжээсээ, итгэл найдварыг ааваасаа олж авдаг. Хүүхэд ээжийн хайр, аавынхаа итгэлийг өөрийгөө хөгжүүлэх, эргэн тойрныхонтойгоо харилцах үедээ харуулж байдаг. Хайр, итгэлийг хангалттай амссан хүүхэд амжилттай, аз жаргалтай, хайраар дүүрэн, өөртөө болон бусад хүмүүст хүлээцтэй ханддаг, өөртөө итгэх итгэл нь хөгжсөн нэгэн болж өсдөг. Иймд аав нарт их үүрэг ноогддог.”  

Хамгийн чухал зүйл нь хуваалцах байдаг

Сэтгэлзүйчид, аав нар “Ээж нь хүүхдээ өсгөдөг. Тэгээд ч хүүхдэд надаас илүү ээж нь хэрэгтэй. Би материаллаг зүйлсээр хангахад л болно” гэж үздэг бодлоосоо ухрах хэрэгтэй хэмээн зөвлөж байна. Тэгвэл эцэг үрийн эрүүл харилцаа ямар байх ёстой вэ? Өөрөөр хэлбэл аав нар хүүтэйгээ эсвэл охинтойгоо хэрхэн холбоотой байх вэ? Энд “хуваалцах” нь хамгийн чухал юм. Эрэгтэй хүүхэд ч бай, охин ч бай аавтайгаа өөрийн санаа бодол, сэтгэлээ хуваалцаж мэддэг байх ёстой. Хүүхдүүд аав үүнийг мэддэг байгаасай гэж хүсдэг. Ингэж илэн далангүй хуваалцах нь тэдний сэтгэл санаанд хамгийн шаардлагатай зүйлсийн нэг юм.

Эрэгтэй хүүхэд аавыгаа дуурайдаг.

Аав нар хүүхдүүдтэйгээ харилцаа тогтоох нь хүйснээс шалтгаалан өөр байдаг. Сэтгэлзүйч энэ ялгааг ингэж тайлбарлаж байна: “Эрэгтэй хүүхдүүд аавыгаа үлгэр дуурайл болгон үздэг учраас, түүний зан ааш, үйл хөдлөл бүхнийг дуурайдаг. 4- 5 настай хүүхэд аавынхаа сууж байгааг нь хүртэл дуурайдаг. Шилжилтийн насын өсвөр хүүхдүүд аавынхаа ааш авир, тэр ч байтугай уурлах байдлыг нь хүртэл дуурайна. Эрэгтэй хүүхдүүдийн хувьд аав нь ээжтэй нь харилцах харилцаа нь ирээдүйд эсрэг хүйстэндээ, эхнэртээ хандах хандлагад нь нөлөөлдөг. Ийм учраас эцэг хүн хүү нь өөрөөс нь үлгэр дуурайл авдгийг ухаарч, өөрийн зан ааш, дотоод ертөнцөө задлан шинжлэх хэрэгтэй”

 

Охидууд таалагдахыг хүсдэг

Сэтгэлзүйчид охид ээжээсээ үлгэр дуурайл авдаг ч, өөртөө итгэх итгэлийг нь аав нь төрүүлдэг гэдгийг онцолж байна: “Охидууд ааваараа хайрлуулж, таалагдахыг хүсдэг бөгөөд амжилт ололтыг нь аав нь магтах нь чухал байдаг. Эцэг хүн охинтойгоо хатуу хахир, холоос харилцах биш харин ойрхон бүхнийг хуваалцдаг байх хэрэгтэй.”

Өнөө үеийн ажлын шаардлагаар ажилдаа дарагдсан аав нар хүүхдүүдтэйгээ харилцах нь бага болсон нь яах аргагүй үнэн юм. Ажил хийдэг эхчүүд ч ялгаагүй байдаг. Тийм боловч ямар ч эх хүн ажил их, хүүхдүүддээ цаг гаргаж чадахгүй гээд зугтдаггүй. Хүүхдэд тулгарсан бэрхшээл, сэтгэл санааны байдлыг нь ээж нь л анхаардаг. Сэтгэлзүйчид, аав нар хэчнээн их ажилтай байсан ч хүүхэддээ цаг зав гаргаж байх хэрэгтэйг сануулж байна: “Эцэг хүүхэд хоёр хамтдаа цаг өнгөрүүлж, хүүхдийн насанд тохирсон зүйлийг хамт хийх шаардлагатай. Цэнгэлдэх хүрээлэн, кино театр луу явах, усанд сэлэх, хамт алхах зэрэг нь хоорондын харилцааг улам батжуулдаг.” Тэрээр хүүхэдтэйгээ цаг өнгөрүүлэх тухайд хамгийн чухал зүйл бол: “Хүүхэдтэйгээ өнгөрүүлсэн цаг их багадаа биш, харин үр дүн нь чухал. Ихэнх аав нар ажлаасаа ирээд нэг бол зурагт эсвэл компьютерийн ард суудаг. Түүний оронд хагас цаг ч гэсэн хүүхэдтэйгээ хамт байвал ирээдүйн амьдралд нь тустай” гэж хэлж байна.

Ээжүүд аав нарт үүрэг хариуцлага даалгах хэрэгтэй

Аавтайгаа хамт байхад ээж нь саад болж болно. Сэтгэлзүйчид хэлэхдээ: “Нөхөртөө итгэж чаддаггүй учраас тэднийг хамт байлгахыг хүсдэггүй маш олон эхчүүдийг танина” гээд “Хүүхдээ цэнгэлдэх хүрээлэн авч явбал харж чадахгүй унагаачихна”, “Гэртээ хамт орхичихвол бие биетэйгээ таарахгүй” гэсэн бодлоо хаяхыг зөвлөж байна. Эцэг үрийн эрүүл харилцаа үнэн хэрэгтээ хүүхэд төрсөн цагаас эхэлдэг. Энэ үед эх хүн аавд нь итгэх итгэл нь ирээдүйн амьдралд ч чухал нөлөө үзүүлдэг. “Эхчүүд нялх хүүхдийг харж хандах, асрах ажлыг нөхөртөө итгэж даалгадаггүй. Тийм учраас аав нар хүүхдээ нялх байхаас нь эхлээд хол хөндий байдаг. Эхчүүд нөхөртөө хүүхдээ угжих, унтуулах, живхийг нь солих зэрэг даалгавар өгөх хэрэгтэй.”

Аав нар заримдаа хүүхдүүдээ харах хэрэгтэй

Эцэг үрийн харилцааны тухай хичээл заах үед нэгэн ээж ингэж ярьсан юм. Хүүхэд нь 5 настай бөгөөд зан ааш нь эвдрээд байв. Хүүхэд нь аавтайгаа дотно харилцдаггүй, аавтайгаа ямар нэг зүйл хамтран хийдэггүй байжээ. Би аавд нь маш энгийн зөвлөгөө өгсөн юм. “Та хүүхэддээ хэрэгтэй. Тэр одоогоор бага байгаа тул та түүнтэй хамт тогло. Ингэснээр та дотно харилцаатай болно.” гэсэн юм. Нэг долоо хоногийн дараа уулзахаар ирэхдээ тэр эцэг: “Таны зөвлөгөө надад үнэхээр хэрэгтэй юм. Гэхдээ нэг бэрхшээл байна.” гэлээ. Түүнээс ямар бэрхшээл байгааг нь асуухад тэр үнэхээр гайхаж мэгдсэн байдалтайгаар “Би хүүхэдтэйгээ ямар тоглоом тоглохоо мэдэхгүй байна.” гэх нь тэр. “Та ч бас хүүхэд байж үзсэн, тэр үедээ эргэн очихыг оролдоорой.” гэж би зөвлөлөө. Аав нар заримдаа үр хүүхдээ үнэхээр мартдаг. Тэд өөрсдийгөө хүүхдийнхээ оронд тавин бодож, нэг хором ч болсон хүүхэд шиг бодож сэтгэхээр оролдох хэрэгтэй.

 





» буцах
Шинэ
Их уншсан
© Зохиогчийн эрхийг хуулийн дагуу Ээж - Хайрын аппликейшн эзэмшинэ. 2015 он