Жирэмсэн үеийн компьютерын хэрэглээ урагт хэрхэн нөлөөлөх вэ?

2016-07-29     14639

Жирэмсний хугацаанд компьютертэй харьцах шаардлага түгээмэл тохиолддог бөгөөд энэ нь өдөр тутам өсч хөгжиж байгаа бяцхан үрд тань аюултай эсэх талаар санаа зовж байж магадгүй.
Тэгвэл судлаачид жирэмсний хугацаанд компьютерийн дэлгэцтэй ойрхон байх нь ямар нэг хор нөлөө үзүүлдэггүй болохыг тогтоосон байна.
Та 1970 оны үед компьютерийн дэлгэц нь зулбах, жин багатай хүүхэд төрүүлэх болон төрөлхийн гажиг үүсэх зэрэг хүндрэлийн шалтгаан болдог гэж үздэг байсан талаар сонсож байсан байж магадгүй. Энэ нь компьютерийн дэлгэц төрөөгүй байгаа хүүхдийн эрүүл мэндэд хортой нөлөө үзүүлэх хэмжээний цацраг ялгаруулдаг гэсэн дүгнэлтэнд суурлисан байжээ.
Хэдийгээр тухайн үед ийм дүгнэлт гарч байсан ч тэр үеэс хойш эрдэмтэд энэ талаар олон судалгаа хийсэн байна.
Одоо бол бид компьютерийн дэлгэц маш бага хэмжээний ионжоогүй цахилгаан соронзон долгион ялгаруулдаг болохыг мэддэг бөгөөд энэ нь урагт хор нөлөө үзүүлдэггүй байна. Энэ нь таны өдөр тутамдаа хэрэглэж байдаг телевиз болон радионы ялгаруулдагтай адил хэмжээний цацраг юм.

Та жирэмсний хугацаанд та бага оврын зөөврийн компьютер хэрэглэсэндээ санаа зовж байж магадгүй. Энэ нь мөн хэрэглэхэд аюулгүй болох нь батлагдсан байдаг.
Харин үүнийг удаан хугацаагаар хэрэглэх үед тодорхой хэмжээний дулаан ялгаруулдаг бөгөөд энэ нь төрөх хугацаа дөхсөн үед хэвлийд ойрхон байвал таны хүүхдэд хэт халалттай холбоотой сөрөг нөлөө үзүүлдэг болохыг мартаж болохгүй. Иймд биедээ хэт ойрхон байлгах, өвөр дээрээ тавьж ашиглах зэргээс татгалзаарай. Харин ширээн дээр байрлуулах зайлшгүй тохиолдолд доор нь дэр тавьж хэрэглээрэй.

Та жирэмсний хугацаанд компьютер хэрэглэхдээ дараах зарчмуудыг мөрдөөрэй. Эдгээр үндсэн санамжууд танд эрүүлмэндийн хувьд болон тав тухтай байх талаас туслах болно. Үүнд:

  • Юуны өмнө таны хэрэглэж байгаа компьютерийн чанар ихээхэн нөлөөтэй. Иймд та компьютер худалдан авахдаа чанарын баталгаатай бренд бүтээгдэхүүн сонговол дэлгэцийн нягтрал сайн байхаас гадна цахилгаан соронзон долгион, дулаан ялгаруулалт бага байх тул таны нүдний хараа болон эрүүл мэндэд тустай болохыг онцгой анхаарах хэрэгтэй.
  • Тодорхой давтамжтай завсарлаж биеийнхээ чилээг гарган хөдлөж байх хэрэгтэй. Компьютер дээр нэг цаг ажиллаад 10 минут орчим завсарлаж байх нь зохимжтой бөгөөд жирэмсэн үед завсарлагын хугацааг илүү удаан болгоорой.
  • Компьютерийн ширээ болон сандал таны биеийн байрлалыг эвтэйхэн байхад тохирсон байх шаардлагатай. Таны нүд болон дэлгэцийн дээд хэсэг адил хэмжээний өндөрт байвал илүү тохиромжтой. Мөн бугуйн үе шулуун, шуу хэвтээ байрлалтай байвал эвтэйхэн байна. Нуруу цэх байхын зэрэгцээ хөлийн ул шаланд бүрэн хүрч байвал ядрах нь бага байхаас гадна хөлөө жийх зэргээр байрлалаа чөлөөтэй өөрчилөх нь таатай байх болно.
  • Компьютерийн гар, дэлгэц, хулгана зэрэг нь хэрэглэхэд хялбар, хэт хурц биш байхаас гадна хөдөлгөөнд саад учруулдаггүй байвал зүгээр.
  • Хэрэв та контакт линз хэрэглэдэг бол жирэмсний хугацаанд таагүй байдал үүсч болзошгүй. Учир нь жирэмсэн үед бид ус нэмэлтээр хуримтлагдсантай холбоотойгоор нүдний алимны хэлбэрт нөлөө үзүүлж болдог байна. Мөн танд нүд хуурайшиж аргах шинж илрэх магадлал илүү байх тул компьютертэй харьцахдаа зориулалтын нүдний шил хэрэглээрэй.

 





» буцах
Шинэ
Их уншсан
© Зохиогчийн эрхийг хуулийн дагуу Ээж - Хайрын аппликейшн эзэмшинэ. 2015 он