Ихрүүд ба тэдний эргэн тойрноор аялцгаая!

2016-08-01     24758

Нэг нэгнийхээ тольны тусгал мэт ихэр хүүхдүүд хамгийн хөөрхөн гэдгийн хүн бүр мэддэг ч ихрүүдийн талаал ямар ямар сонирхолтой мэдээдэл дэлхий даяар байдгийг тэр бүр мэдэхгүй биз ээ. Нийт жирэмслэлтийн 250 жирэмслэлт тутамд ганц тохиодог ихрүүдийн сонирхолтой баримтуудыг хүргэж байна

  • Ихэр хүүхэдтэй болгох "хүнс"

“Нөхөн үржихүйн эрүүл мэнд” сэтгүүлд нийтлэгдсэн нэгэн нийтлэлд сүү, сүүн бүтээгдэхүүнийг хүнсэндээ түлхүү хэрэглэх нь эмэгтэйчүүдэд ихэр хүүхэдтэй болох магадлал энэ төрлийн хүнсийг бараг хэрэглэдэггүй хүмүүстэй харьцуулахад 5 дахин их байгааг тогтоосон мэдээлэл тавигджээ. Үүнийг Нью Йоркийн “Long Island Jewish Medical Center” эрүүл мэндийн төвийн доктор Гэри Штайнмен батлан ирхүүдтэй холбоотой дэлгэрэнгүй ярилцлага өгсөн байна.

  • Эхийн хэвлий дэх "ихрүүд"

Италийн Падова Их Сургуулийн судлаач эрдэмтэд ийм нэгэн судалгааг явуулжээ. Судалгааны дүнд ихэр хүүхэд төрүүлсэн ээж бусдаасаа арай урт насалдаг болохыг тогтоосноос гадна ихрүүд эхийн хэвлийд бүрэлдээд 14 дэх долоо хоногоос хоорондоо холбогдож эхэлдэг болохыг судалжээ. Тодруулбал тэд харилцан биестээ хүрч, толгой ба гарыг нь мэдрэх зэргээр нэгнийгээ танин мэддэг ажээ. Улмаар 18 дахь долоо хоногтойдоо өдрийн 30%-д хоорондоо ямар нэг байдлаар холбогдож байдаг аж.

  • Ихрүүд ба Хурууны хээ

Зарим хүмүүс ихэр гэхээрээ хурууны хээ нь хүртэл ижил байдаг гэж эндүүрдэг гэнэ. Тэгвэл шинжлэх ухааны үүднээс авч үзвэл ихрүүд нь удамшлын ижил ДНК-тай байдаг боловч өөр өөр хурууны хээтэй байдаг байна. Түүнчлэн ихрүүдийн 22% нь солгой гартай байдаг ажээ.

  • Хамгийн олон ихэр байдаг улс

Ихэр хүүхдийн төрөлтөөрөө Төв Африкийн орнууд дэлхийд дээгүүрт бичигддэг ба үүнээс Нигери ба Бенин улсад хамгийн олон ихрүүд байдаг гэнэ. Судлаачдын тэмдэглэснээр тус улсад 1000 амьд төрөлт тутамд 18 - 30, зарим тохиолдолд 35 - 60 ихэр хүүхэд мэндэлдэг юм байна.

  • Олны танил ихэр одууд

Нэрт жүжигчин Эштон Кучер, Жастин Тимберлэйк, Скарлет Йоханссон ба Вин Дизель, Жизель Бундхень нарын цөөнгүй алдартныг “www.yahoo.com” сайтад дурьдсанаар ихэр эгч болон ах дүүстэй гэсэн байна. Харин ихэр үрсийн эцэг эх болсон танил алдартнуудын тухайд жүжигчин Сара Жессика Паркер, Анжелина Жоли, Женнифер Лопез, Жулья Робертс нарыг нэрлэж болох ажээ. Түүнчлэн Египетийн хатан Клеопатра Александр Гелио ба Клеопатра Селень нарын ихэр охин хүүтэй байжээ. Зурагт: Жүжигчин Скарлет Йоханссон ба түүний ихэр Хантер Йоханссон / Тэд 1984.11.22 төрсөн

  • Өнгөт ба Цагаан арьст ихрүүд

Нэг сая төрөлт тутамд нэг тохиолддог гэж үздэг ихрүүдийн хоёр өөр арьстай төрөлтийн тухай дэлхий дахинаа мэддэг болжээ. Эдгээрээс нийтэд танигдсан тохиолдол нь 2005.04 сард мэндэлсэн Кайн ба Рэме нар юм. Тэдний нэг нь цэнхэр нүдтэй цагаан арьстай төрсөн бол нөгөө нь бор нүдтэй, хар арьстай төржээ.

  • Ихэр Жим ба Ижил амьдрал

Жим Лүз ба Жим Спрингер нарыг төрөөд удаагүй байхад нь салгаж 1940 онд хоёр өөр гэр бүлд үрчлүүлжээ. Тэд анх 39 настайдаа буюу 1979 онд бие биетэйгээ уулзсан бөгөөд тэднийг өргөж авсан гэр бүлийнхэн нь ихрүүдэд Жим гэдэг нэрийг өгчээ. Үүнээс эхлээд тэд хоёул хоёр удаа гэрлэсэн байх ба хоёул Той нэртэй нохой тэжээдэг байсан гээд ихрүүдийн амьдралын замнал бүгд ижилхэн байсан гэнэ.

Шинжлэх ухааны ховор судлагдахуун болсон тэднийг ихрүүд зөн совингоороо алс холоос биесээ мэдэрдэг гэдгийн томруун жишээ болгон авч үздэг байна. Ихэр Жимийн нэгийнх нь хүүхдийг Жэймс Элен гэдэг байхад нөгөөгийнхийг нь Жэймс Алан гэх жишээтэй. Үүгээр ч зогсохгүй тэд ижил нэрийн шар айраг шимэхийн сацуу ижил загварын “Chevrolet” авто машин хөлөглөдөг байжээ.

  • Ихрүүд ихэртэйгээ гэрлэсэн нь...

Охио мужийн ихэр эгч дүүс болох Дайан ба Дарлинь Нэттемайэр нарт тэр бүр тохиогоод байхгүй ховор хувь тавилан заяажээ. Тэд ихэр ах дүүс болох Крэйг ба Марк Сандерс нартай 1998 онд танилцсан бөгөөд 1999 онд хамтдаа хуримлаж, хөршүүд болон амьдарч байгаа гэнэ. Тэд энэхүү гайхалтай түүхээ “The Jeff Probst Show” нэвтрүүлэг болон “New York Times” сэтгүүлд өгсөн ярилцлагынхаа үеэр нийтэд дэлгэсэн байна.

  • Амьтад ба Ихэр

Муур, хулсны баавгай, нохой болон буга зэрэг амьтдын ертөнцөд ихэр зулзага төрүүлэх явдал цөөнгүй юм. Эдгээр амьтдаас цагаан баавгайг ихэр зулзага гаргах нь хамгийн түгээмэл гэж үздэг ба заримдаа гурван ч ихрийг төрүүлэх нь бий гэнэ.

  • Дэлхийн хамгийн “хүнд” ихрүүд

Гиннесийн дэлхийн дээд амжилтууд номд бүртгэгдсэн дэлхийн хамгийн хүнд жинтэй ихрүүд бол ах дүү МакКрэйри нар юм. Тэднийг Билли Леон МакКрэйри (1946 - 1979, 328 кг), Бенни Лойд МакКрэйри (1946 - 2001, 338 кг) гэдэг. МакГүэрийн ихрүүд гэж олноо танигдсан тэд бөх байжээ.

Ихэрүүд яагаад заримдаа адилхан заримдаа өөр байдаг вэ?

Нэг зэрэг хоёр өндгөн эс боловсорч улмаар зэрэг үр тогтвол хоёр өндөгний ихэр (дизиготик) гэж нэрлэдэг. Харин нэг өндгөн эсд үр тогтолт явагдсаны дараа хоёр хэсэгт хуваагдсаны улмаас үүссэн ихэрийг нэг өндгөний (монозиготик) ихэр гэдэг. Хоёр өндгөний ихрүүд тус тусдаа эр эм бэлгийн эсээс үүсч хөгждөг тул удамшлын мэдээлэл нь өөр өөр байдаг. Иймд энэ төрлийн ихрүүд өөр хоорондоо, гадаад төрхийн хувьд болон хүйсийн хувьд ялгаатай байдаг бол харин нэг өндгөн эсийн ихрүүдийн удамшлын мэдээлэл бараг адил байдаг тул хоорондоо төстэй, ижил хүйстэй байдаг.





» буцах
Шинэ
Их уншсан
© Зохиогчийн эрхийг хуулийн дагуу Ээж - Хайрын аппликейшн эзэмшинэ. 2015 он